Анхааргаа хандуул! Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ) нь эхчүүд болон нярайн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй, улс орон даяар үйл ажиллагаа явуулдаг томоохон эмчилгээний байгууллага юм. Энд мэргэжлийн өндөр түвшинд, хүнлэг сэтгэлтэй, туршлагатай, хариуцлагатай эмч, сувилагч, асрагч нар ажиллах ёстой. Гэтэл энэ эмнэлэгт сэтгэл хөдлөхүйц, мэргэжлийн бус алдаанууд удаан хугацаанд давтагдаж, Монголын эхчүүд, хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул учруулж байна. Үүнийг батлах олон нотлох баримт ил гарч байна.
Нэгдүгээр баримт. ЭХЭМҮТ-ийн 39 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй С гэх 34 настай иргэн хүүхдээ эрүүл саруул төрүүлэхийн зорилгоор эмнэлэгт ханджээ. Гэвч төрөлтийг дэмжих зорилгоор савны базлалтыг эрчимжүүлэх тариаг сувилагч илүүдэл тунгаар хийсэн байна. Үүнээс болж иргэн С-ийн эхийн сав задран, 3.3 литр цус алдсан. Эмч нар савыг нь авч, амь нас нь аюулгүй болсон ч энэ явдал төрөлтийг удирдсан Төрөх тасгийн эрхлэгч А.Гэрэлмаагийн удирдлаган дор болсон.
Эхийн сав задрах, их хэмжээний цус алдахнаас болж хэвлий дэх 39 долоо хоногтой эрүүл ургийн тархинд цус харвасан бөгөөд тархины үхэл гэсэн онош тавигдсан. Одоо ургаас Сэхээн Амьдруулах Тасагт эмчилгээ хүлээж, үхэлтэй нүүр тулсан байдалтай байна.
Энэ төрөлтийг ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийн эрхлэгч А.Гэрэлмаа удирдан явуулжээ. Эмчийн ажилдаа хайхрамжгүй хандаж, төрөх гэж ирсэн тулгар эмэгтэйд аюултай тариаг тун хэтрүүлэн тарьсан эмч уг хэрэгтээ огт гэмшилгүйгээр эмч нарын хурал дээр хохирогч эмэгтэйг “Бэлгийн замын өвчтэй, ялхайсан юм ирсэн” хэмээн тодорхойлсон байх юм. Түүний энэ гүтгэлэг, хайхрамжгүй байдал нь эх, нялхсын эрүүл мэндийн төлөө насаараа зүтгэж яваа бусад эмч нарыг шооконд оруулсан гэнэ. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн эмч нар дээр, дооргүй ам булаалдан ярьж байгаа ч даргаас ирэх дарамтаас айж, олны өмнө хохирогчийг хамгаалан дуугарах зориг зүрх дутаж байгаагаа бидэнд илэрхийлсэн юм.
Болсон явдлыг гэрчилж байгаа эмч нар хохирогч С-ыг эмнэлэгт элдэв өвчингүй, эрүүл саруул ирсэн гэдгийг нотолж байна. Мэргэжлийн алдаа гаргасан эмч алдаагаа өөрөөсөө зайлуулахын тулд хохирогч эмэгтэйг гүтгэж байгаа аж.
Их хэмжээний цус алдсан өвчтөн энэ удаа амь аврагдаж, эсэн мэнд үлдсэн ч түүний эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учирчээ. Энэ нь одоо биш, хожим илэрдэг нь хамгийн аймшигтай. 5-10 жилийн дараа уг эмэгтэй бөөрний дутагдалд орох, бусад цуллаг эрхтэнд гажуудал үүсэх эрсдэлтэй. Үүнээс гадна өндгөвч аажимдаа үхжих эрсдэл маш өндөр. Дотуур их хэмжээний цус алдсан хүнд хожим ийм урхаг үүсэх эрсдэлтэй байдгийг эмч нар ярьж байв. Түүнд тусламж үзүүлсэн эмч нар ийм шалтгаанаар уг эмэгтэйн өмнөөс шаналж байгаагаа нуугаагүй билээ.
Төрөх гэж ирсэн тулгар эмэгтэйд аюултай тариаг тун хэтрүүлэн тарьсан эмч уг хэрэгтээ огт гэмшсэнгүй
Хамгийн харамсалтай нь иргэн С нь 2 охинтой. Удам залгах хүүтэй болохыг хүсэж, тэр хүсэл нь ч биелэн, хэвлийд нь хүү бойжиж байжээ. Хүүгээ эсэн мэнд төрүүлэхээр ЭХЭМҮТ-д хандтал хариуцаж авсан эмч нь алдаа гарган, хүүг нь эрлэгт тушаагаад зогсохгүй С-ыг дахин жирэмслэх боломжгүй болгожээ.
Энэ бол Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв гэх улсын хэмжээний том эмнэлэг эх, үрсийг аврах биш, эрүүл мэндэд нь бодитой аюул учруулсан бодит баримт юм.