Монголын уулчин Омбоогийн Золбоохүү Непал Улсын Хималайн нуруунд орших далайн түвшнээс дээш 8163 метрийн өндөртэй Манаслу уулын оргилд амжилттай гарч, эх орныхоо нэрийг дахин дэлхийн уулын спортын тавцанд дуурсгалаа.
Түүний авиралт есдүгээр сарын 25-ны өдрийн 04:00 цагт (Непалын орон нутгийн цагаар) амжилттай болсон бөгөөд уулчин өнөөдөр эх орондоо буцаж ирэхээр болжээ.

О.Золбоохүү энэ удаагийн амжилтаараа 8000 метрээс дээш өндөртэй оргилд гарсан хоёр дахь тохиолдлоо тэмдэглэж байна. Тэрбээр өмнө нь 2023 онд дэлхийн хамгийн өндөр цэг болох 8848 метрийн Эверестийн оргилд гарч байсан юм.
Манаслу — дэлхийн найм дахь өндөр оргил бөгөөд Монгол Улсаас анх 2019 онд уулчин Б.Батболд энэ ууланд гарч, түүхэнд нэрээ үлдээсэн бол 2024 онд Б.Батхишиг тус оргилд гарсан анхны эмэгтэй монгол уулчин болсон. Сонирхолтой нь, Монголын уулчид энэ оргилд 2019, 2024, 2025 оны есдүгээр сарын 25-нд тус бүр амжилт гаргасан нь тохиолдлын гайхамшиг болж байна.