Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байгаа адуу, малаа гаргахыг иргэдэд анхааруулж, хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд нэг адуунд 1 сая төгрөгийн торгууль ногдуулах шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ:
“Арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө адуу, малтай иргэд нийслэлээс малаа гаргахгүй бол журмын хашаанд хийнэ. Нэг адуунд 1 сая төгрөгийн торгууль тавина, улсын орлого болгоно.
Мал бүхий иргэд Улаанбаатар руу малаа оруулж, гудамж талбайг бохирдуулж байна. Чип зүүлгээд хянах боломжтой ч хариуцлагагүй хандсаар байна. Аравдугаар сарын 1-нээс өмнө малаа гаргахгүй бол Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах тэжээлийн талбай руу тууж оруулна.
Зуслангийн бүсэд ч адил байдал үүссэн — адууны хомоолоор дүүрч, иргэд өөрсдөө цэвэрлэгээ хийж байна. Цагдаагийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж ажиллана. Малчид төрийн хууль дүрмийг үл тоож байгаа тул хуулийн дагуу арга хэмжээ авна.
Монгол хүн морио хүндэлдэг ч Улаанбаатар хотод адуу бэлчээх хууль ёсны үндэс байхгүй. Ийм бүдүүлэг, хариуцлагагүй байдлыг таслан зогсооно.”
Түүний мэдээлснээр нийслэлийн удирдлагууд хотын Ерөнхий менежерт тодорхой чиглэл өгч, нийслэл дотор байгаа адуу, малын бүртгэлийг хянах, хашаанд оруулах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхээр болжээ.