АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулагдаж буй дэлхийн хамгийн нэр хүндтэй бодибилдингийн тэмцээн Mr. Olympia-д Монгол Улсаас IFBB Pro тамирчин Батаагийн Уянга оролцож байна.
Б.Уянга нь Монголын бодибилдинг, фитнесийн спортын түүхэнд шинэ хуудас нээсэн тамирчин бөгөөд “IFBB Pro Taiwan” тэмцээнд түрүүлж, Master Olympia тэмцээнд оролцох эрх авсан анхны монгол эмэгтэй юм.
Уран нугараачаас дэлхийн хэмжээний бодибилдер хүртэл
Б.Уянга өмнө нь уран нугараачаар ажиллаж байсан бөгөөд спортоо сольсны дараа гурван жилийн турш тууштай бэлтгэл хийж, дэлхийн болон бүсийн чанартай 20 гаруй тэмцээнд амжилттай оролцсон байна. Энэ хугацаанд тэрбээр олон улсын шүүгч, мэргэжлийн холбоодын анхаарлыг татаж, эцэст нь дэлхийн оргил тэмцээнд өрсөлдөх эрхээ авчээ.
Монголын бодибилдингийн шинэ амжилт
Mr. Olympia тэмцээн нь бодибилдингийн спортын хамгийн дээд шатны уралдаан бөгөөд зөвхөн IFBB Pro статустай тамирчид оролцдог. Монгол Улсаас энэхүү тэмцээнд оролцож буй анхны эмэгтэй тамирчин Б.Уянга нь олон улсын тайзан дээр эх орныхоо нэрийг дуудуулж, Монголын бодибилдингийн спортын хөгжлийн нэг шинэ үеийг эхлүүлж байна.