Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид дэлхийн олон орны цэргийн академи, их сургуульд мэргэжлээ дээшлүүлэх, төрөлжсөн сургалтад хамрагдах өргөн боломжтой байдаг.
Энэ хүрээнд ахлах ахлагч Г.Өнөрөө (014), дэд ахлагч Б.Од-Эрдэнэ (337) болон дэд ахлагч Д.Золзаяа (123) нар АНУ-д хоёр сарын хугацаанд хэлний болон манлайллын чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ.
Тэд АНУ-ын Техас мужийн Сан Антонио хотын Лаклэнд Агаарын Цэргийн Баазад байрлах Батлан хамгаалах хэлний хүрээлэнгийн Англи хэлний боловсролын төвд үндсэн сургалтын өмнөх хэлний бэлтгэлд хамрагдсан байна. Үүний дараа АНУ-ын Теннесси мужийн Ахлагчийн цэргийн мэргэжил олгох Боловсролын төвд байрлах Агаарын цэргийн ахлагчийн манлайллын дамжаа (ALS)-г дүүргэж, амжилттай төгссөн юм.

Эдгээр сургалтууд нь Монголын эмэгтэй цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд бататгах, манлайллын чанарыг хөгжүүлэх, цэргийн харилцаа холбоо, соёлын солилцоог өргөжүүлэх зорилготой байв.