“Алтан цом”-ын барилдаанд оролцох багийн бүрэлдэхүүн аравдугаар сарын 20-нд тодорно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments

Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг нэр хүндтэй “Алтан цом”-ын барилдаанд оролцох багуудын бүрэлдэхүүн энэ сарын 20-нд нээлттэйгээр тодрох гэж байна. Өнөөдөр бөхийн өргөөнд тус тэмцээнд оролцох багийн эзэд, төлөөллүүдийн нэгдсэн уулзалт болж, тэмцээний журам, онцлог, зохион байгуулалтын талаар хэлэлцжээ.

Багууд сонгосон бөхчүүдийнхээ нэрсийг энэ сарын 13-ны дотор зарлах бөгөөд үүний дараа баг бүрдүүлэх сугалааны ажиллагаа 20-ны Даваа гарагт болно.

Уулзалтын оролцогчид ба тэмцээний бүтэц

Энэ жилийн уулзалтад “ЭМ СИ ЭС” Групп, “ЭНЕРЖИ РЕСУРС”, “НУТГИЙН БУЯН ГРУПП”, “МИГ ДААТГАЛ”, “ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ”, “АЛСЫН ЗАМ”, “АПУ & ШУНХЛАЙ ГРУПП”, “НОРД РОУД”, “ОД ГРУПП” зэрэг үндэсний томоохон компаниудын төлөөллүүд оролцож, тэмцээний дүрмийг хэлэлцэн баталсан байна.

Тэмцээнд баг тус бүр найман бөхтэй байх бөгөөд компаниуд гурван бөхийг шууд сонгож, үлдсэн таван бөхийг сугалаагаар авах журамтай. Багууд тойргийн системээр барилдаж, хамгийн олон даваа авсан дөрвөн баг плэй оффын шатанд шалгарах бол, финалд түрүү болон гуравдугаар байрын төлөө хүч үзэх юм.

Шагналын сан ба шинэчлэл

Энэ жилийн “Алтан цом”-ын барилдааны шагналын сан 1.5 тэрбум төгрөг бөгөөд зохион байгуулагчид үндэсний бөхийн сурталчилгааны хүрээнд зарим тойргийн барилдааныг гадаад оронд зохион байгуулах боломжийг судалж байгаа аж. Мөн улирал бүр “Оддын барилдаан”-ыг урлаг, спорт болон бусад салбарын төлөөллүүдийн оролцоотой зохион байгуулахаар төлөвлөжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй