Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд сүүлийн хэдэн цагийн турш үргэлжилсэн хүчтэй цас орсны улмаас зам, даваа хаагдаж, мал бэлчих боломжгүй болжээ. Орон нутгийнхны мэдээлснээр, Хөвсгөл нуурын Жанхай орчимд цасны зузаан 1 метр 80 см, харин тэгш тал хэсэгтээ 40–80 см-ийн гүнтэй байгаа аж.
Хатгал тосгоны захирагчийн албаны дарга Ч.Батбаярын хэлснээр:
“Одоогоор цас үргэлжлэн орж байна. Цаг уурын мэдээгээр өнөөдөр цас зогсоно гэж байсан ч одоогоор тэнгэр бүрхэг хэвээр, онгойх шинж алга. Жанхай орчимд цасны зузаан 1 метр 80 см орчим, бусад хэсэгт 1 метрээс дээш байгаа” гэж мэдээллээ.
Тус тосгонд өчигдрөөс хойш 20 гаруй алба хаагч “ЗИЛ-131” маркийн хоёр автомашинтайгаар цасанд боогдсон зам, давааг гаргах, цасан шуурганд орсон малыг аврах ажлыг зохион байгуулж байна. Мөн аймгийн Онцгой байдлын шуурхай алба хуралдаж байгаа бөгөөд тусгай техник, хүн хүч нэмэгдүүлэх шийдвэр гарах төлөвтэй байна.
Хатгал тосгоны зүгээс одоогоор иргэн төөрсөн гэх дуудлага бүртгэгдээгүй, харин цасанд боогдсон 800 орчим малыг алба хаагчид гаргаж эзэдэд нь хүлээлгэн өгсөн байна. Хорогдсон малын нарийвчилсан тоо хараахан тодорхой болоогүй байгаа аж.