УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдох хэргээр прокурорын мэдэгдэх хуудсыг өмгөөлөгчид хүргүүлжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Д.Амарбаясгаланг

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдох хэргийг шалгаж байгаа талаар мэдээллээ.

Тус байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг-т заасан зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн, түүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас зайлсхийжээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах зорилгоор прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд биечлэн гардуулахыг оролдсон ч тэрбээр “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн авахаас зайлсхийсэн” гэж Авлигатай тэмцэх газраас мэдээлэв.

Иймээс хуульд заасан журмын дагуу, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт үндэслэн, мэдэгдэх хуудсыг өмгөөлөгчид нь харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл гарчээ

АТГ-аас мэдээлснээр, Д.Амарбаясгалан одоог хүртэл Авлигатай тэмцэх газарт хүрэлцэн ирээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Мөрдөгч яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, хувийг гардуулан өгнө” гэсэн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй болгож байгаа аж.

Ийнхүү уг нөхцөл байдал нь хэргийг шалгах ажиллагаанд хууль эрх зүйн хүндрэл үүсгэж байгаа талаар АТГ онцолж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй