С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцээрийг албан ёсоор баталгаажуулах шаардлагатай

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
С.Эрдэнэбат

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, багш нарын цалин нэмэх хэлэлцээрийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Багш нарын цалин хөлсийг нэмэх асуудлыг хамтын гэрээгээр баталгаажуулж байж хүчин төгөлдөр болгох ёстой. Үйлдвэрчний эвлэл Засгийн газартай хэлэлцээрээ эхлүүлсэн бөгөөд үүнийг яаралтай үр дүнд хүргэх шаардлагатай” гэв.

Хэлэлцээрийг баталгаажуулах шаардлага

С.Эрдэнэбатын хэлснээр, ирэх ондоо багтааж багш нарын цалинг 2.5 сая, цаашлаад 3.5 сая төгрөгт хүргэх талаар тохиролцох ёстой. Тэрбээр “Хэлэлцээр хурдан байгуулж, үр дүнтэй болгох нь чухал. Хоёр талын санал зөрүүтэй байгаа учраас хэвлэлээр мэдэгдэл хийж суух биш, бодит үр дүнд хүрэх хэрэгтэй” хэмээн онцоллоо.

Түүний хэлснээр хэлэлцээр одоогоор Боловсролын яаманд үргэлжилж байгаа бөгөөд улсын төсөв батлагдахаас өмнө тодорхой тоон дээр тохиролцож баталгаажуулах шаардлагатай гэлээ.

Ажил хаялтыг улс төржүүлэхгүй байхыг уриалав

С.Эрдэнэбат “Багш нар ажил хаялт зарласан нь Засгийн газрын хэлэлцээр зөрчигдсөний үр дүн юм. Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглалгүй, бодит үр дүн гаргах ёстой” хэмээн хэлэв. Тэрээр мөн “Жил бүр цалин нэмэхээр амладаг ч бодит байдал дээр хэрэгждэггүй нь багш нарыг эсэргүүцэлд хүргэсэн. Төсөв батлагдахаас өмнө энэ асуудлыг шийдэхгүй бол эрсдэл дагуулна” гэж анхаарууллаа.

Улс төрийн хямралаас сэргийлэхийг сануулав

Тэрбээр “Улсын төсөв батлахад 12 хоног үлдлээ. Хэрэв төсөв батлагдахгүй бол улс төрийн хямрал үүсч, төрийн албан хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжих эрсдэл бий” хэмээн мэдэгдсэн юм. Тиймээс хэлэлцээрийг шуурхай шийдвэрлэж, эдийн засаг, боловсролын салбарын тогтвортой байдлыг хангахыг уриаллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй