Монгол бахархлын өдөрт зориулсан уламжлалт “Чингис хаан” цомын төлөөх улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан энэ баасан гарагийн 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Энэхүү барилдаан нь үндэсний бөхийн спортоор дамжуулан Чингис хааны алдар суу, Монгол түмний бахархлыг илэрхийлэх онцгой арга хэмжээ юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн №165 дугаар зарлигаар “Чингис хаан” цомыг жил бүрийн Монгол бахархлын өдрийн барилдаанд түрүүлсэн бөхөд гардуулж байхаар тогтоосон. Уг шийдвэрийн дагуу өнгөрсөн жил улсын харцага Э.Даш анхны “Чингис хаан” цомын эзнээр тодорч байв.
“Чингис хаан” цомын бүтэц ба бэлгэдэл
“Чингис хаан” цом нь 126 см өндөр, 18 кг жинтэй хүрэл цутгамал, алтан шармал бүтээл юм. Түүний нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээх үгсийг монгол бичгээр сийлсэн бол, ар талд нь Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлжээ.
Цомыг зураач, дизайнер С.Чулуунбаатар урласан бөгөөд бүтээлийн дүрслэл нь дэлхийн өнцөг булан бүрт оршин буй монголчуудын эв нэгдэл, хийморь, дайчин чанарыг илэрхийлдэг байна.
Шагнал ба уламжлал
“Чингис хаан” цомыг жил бүрийн Монгол бахархлын өдрийн барилдаанд түрүүлсэн бөхөд гардуулна. Харин түрүү бөх тухайн жилийн жижиг хэмжээний хувилбарыг үүрд хадгалж, бахархлын бэлгэдэл болгон авч үлдэх журамтай юм.