Аваргын бүсийн төлөөх тулаанд Андраде: Би илүү чадвартайг Б.Энх-Оргилд үзүүлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Б.Энх-Оргилд Андраде

Монгол түмнийхээ хүч чадал, тэсвэр хатуужил, оюун ухааныг дэлхийн тавцанд гаргаж, “Physical Asia” нэвтрүүлэгт амжилттай оролцсон холимог тулааны тамирчин Б.Энх-Оргил нь 12-р сарын 6-нд зохиогдох «ONE Fight Night 38» тэмцээний оргил тулаанд оролцох гэж байна. Тэрээр тус холбооны Хөнгөн жингийн аварга, Бразилын Фабрисио Андрадетай халз тулалдаж, аваргын алтан бүсийг хүртэхээр өрсөлдөнө. Б.Энх-Оргилын хувьд багш Ж.Нарантунгалагийнхаа дараа “One Championship” холбооны Монгол аварга болох томоохон зорилго тээж байгаа юм.

Аваргын тухай товч мэдээлэл

Одоогийн аварга Фабрисио Андраде нь Муай Тай болон Кикбокс тулааны суурьтай, 28 настай туршлагатай тамирчин.

  • Тэрээр 2020 онд “One Championship” холбоонд элссэн.
  • 2023 онд холбооны аварга цолыг хүртсэн.
  • Тус холбоонд нийт 8 тулаан хийхдээ 7 удаа ялалт байгуулж, нэг тулаан нь хүчингүйд тооцогдсон.

Энэ тулаан нь Андрадегийн хувьд аваргын бүсээ хамгаалах хоёр дахь тохиолдол болно. Анхны хамгаалалтын тулаандаа тэрээр Өмнөд Солонгосын Квон Вон-Илийг ердөө 42 секундэд хүнд цохилтоор ялж, хурд хүчээ баталж байсан билээ.

Андрадегийн тулааны өмнөх мэдэгдэл

Тэмцээний өмнө Андраде өөрийн бэлтгэл болон өрсөлдөгчийнхөө талаар дараах байдлаар сэтгэгдлээ хуваалцсан байна:

«Энэ удаагийн бэлтгэлдээ би өмнөхөөс арай өөр арга барил хэрэглэсэн. Б.Энх-Оргилын юу хийх нь тодорхой, тэр тулаан болгонд арга барилаа төдийлөн өөрчилдөггүй тамирчин. Тиймээс түүнийг өөрийн хүссэн зүйлийг хийлгэхгүй, харин миний тулааны арга барилд оруулахад гол анхаарлаа хандуулсан. Бэлтгэлд минь томоохон өөрчлөлт ороогүй ч, өрсөлдөгчийнхөө онцлогт тохируулсан хэд хэдэн нарийн зүйлсийг нэмж бэлдсэн.»

Тэрээр Монгол тамирчныг өмнөх өрсөлдөгчдөөсөө өөр, шинэ сорилт гэж үзэж байгаагаа дурдаад:

«Б.Энх-Оргилтой хийх тулаан бол миний хувьд шинэ сорилт. Тэр урьд өмнөх өрсөлдөгчдөөс минь өөр байдлаар дайрч ирэх нь ойлгомжтой. Тиймээс би өөрийгөө ямар сайн тулаанч вэ гэдгийг харуулах боломж гарсанд их догдолж байна. Би бол бүхнийг чаддаг сайн тулаанч. Үүнийгээ өмнөх өрсөлдөгчдөө нокаут хийж баталсан. Энэ удаа Б.Энх-Оргил барилдахыг оролдох нь гарцаагүй тул би түүнийг хэвтээ байрлалд ч ямар чадвартайг үзүүлэх зорилготой байна. Би тулааны ялагчийг шүүгчдийн мэдэлд үлдээх бодолгүй. Тулааныг хугацаанаас нь өмнө дуусгана. Аваргын бүс мэдээж надад л үлдэнэ.»

Мөн тэрээр Б.Энх-Оргилыг саяхан Филиппиний Жеремиг ялсан уйтгартай тулаанаас нь харахад, барьц аваад хүчээр ааглах гэж оролддог, намхан ч их хүчтэй барилдаанч хэмээн тодорхойлжээ. Тиймээс Андраде: «Би түүнийг ялж, өөрийгөө илүү дээд түвшний тамирчин гэдгээ батлан харуулна» хэмээн ялалтдаа бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй