Далай тэнгисээс хол, эх газрын эрс тэс уур амьсгалтай бүсэд байрладаг тул Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэгт тооцогддог. Ялангуяа өвлийн саруудад агаарын температур эрс буурч, инверсийн үе олон давтагдсанаар айл өрх, үйлдвэрийн яндангаас гарсан утаа доошоо сууран, хотын агаарт “таглагдсан” мэт бөөгнөрөх нөхцөл бүрддэг.
Инверс гэдэг нь салхи сул, тогтуун үед доод агаарын давхарга маш хүйтэн, харин дээшлэх тусам харьцангуй дулаан байх үзэгдэл юм. Ийм үед агаар босоо чиглэлд сэлгэгдэх боломжгүй болж, доод хэсэгт хүнд утаа, бохирдуулагч бодисууд хуримтлагдаж, нягтарсан утааны давхарга бий болдог. Өөрөөр хэлбэл, “доороосоо хүйтэн, дээшээ дулаан” агаарын бүтэц нь утааг тарах бус тогтох нөхцөлийг бүрдүүлдэг.
Нийслэлийн агаарын бохирдлын бүтэцтэй харвал, бохирдлын дийлэнх хэсэг хэд хэдэн гол эх үүсвэрээс бүрдэж байна. Судалгаагаар:
- Ойролцоогоор 55% – гэр хорооллын яндан, түүхий нүүрс, зуухны утаанаас
- 30 орчим % – тээврийн хэрэгслийн утаа, автозамын хөдөлгөөнөөс
- Үлдсэн 15% – уурын болон усан халаалтын зуух, хог хаягдал шатаалт, дулааны цахилгаан станцын үнс, бусад жижиг эх үүсвэрээс
үүсэж байгаа гэж үздэг.
Нөгөө талаас Улаанбаатар хотын хэмжээнд ажилладаг дулааны цахилгаан станц, уурын болон усан халаалтын зуухнуудад жилд 6.3 сая гаруй тонн түүхий нүүрс хэрэглэгддэг нь гэр хорооллын айл өрхийн хэрэглээнээс даруй 10 дахин их хэмжээ юм. Энэ нь халаалт, эрчим хүчний төвлөрсөн эх үүсвэрүүд ч мөн бохирдолд ноён нуруутай хувь нэмэр оруулдгийг харуулна.
Гэсэн хэдий ч сүүлийн үеийн агаарын чанарын хэмжилтүүдээр бохирдлын түвшинд тодорхой бууралт ажиглагдаж байна. Улаанбаатар хотын 19 суурин харуулын мэдээллээр, 12-р сарын 4-ний өдрийн байдал, 2024 оны 12-р сарын 4-ний дундаж утгатай харьцуулахад 24 цагийн дотор дараах үзүүлэлтүүд ийн багасчээ:
- PM2.5 – 22.3% буурсан
- PM10 – 18.7% буурсан
- NO₂ – 13.5% буурсан
- SO₂ – 53.0% буурсан
- CO – 19.5% буурсан
Эдгээр үзүүлэлт нь агаарын чанар өмнөх оны мөн үетэй харьцуулахад тодорхой хэмжээнд сайжирч байгааг, бодлого, арга хэмжээний үр нөлөө гарч эхэлж буйг илтгэж байгаа ч инверсийн үед хүний эрүүл мэндэд эрсдэл өндөр хэвээр тул иргэд амны хаалт хэрэглэх, гадаа удаан байхгүй байх, хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг онцгой анхаарах шаардлагатай хэвээр байна.