Европын дуу хөгжмийн томоохон наадам болох «Евровидение-2026»-д Израилыг оролцуулах эсэх асуудал хурцадмал байдал үүсгээд байна. Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагаанаас шалтгаалан Европын олон улс Израилыг тус уралдаанаас хасах шаардлагыг тавьж байсан юм. Гэвч Европын Өргөн Нэвтрүүлгийн Холбоо (EBU) өчигдөр Израилд уралдаанд оролцох зөвшөөрөл олгосон нь үл зөвшөөрөх байр суурьтай орнуудын эсэргүүцэлтэй тулгарлаа.
Татгалзсан улсууд ба Тэдний байр суурь
EBU-гийн шийдвэрийн улмаас дараах улсууд ирэх жилийн «Евровидение» уралдаанд оролцохоос татгалзаж буйгаа зарласан:
- Нидерланд: “Avrotros” телевиз “Манай улсын үнэт зүйлст харшилсан ийм нөхцөл байдалд бид наадамд оролцохгүй” хэмээн мэдэгдсэн.
- Испани: RTVE телевиз “Испани улс уралдаанаас гараад зогсохгүй наадмыг дамжуулан үзүүлэхгүй” гэж мэдэгдсэн нь илүү хатуу байр суурь илэрхийлсэн явдал болов.
- Ирланд
- Словен
Словенийн Үндэсний «RTV Slovenija» телевизийн тэргүүн Наталия Горчак «Reuters» агентлагт өгсөн ярилцлагадаа «ОХУ Украинд халдсанаас 7 хоногийн дараа бид Оросыг «Евровидение»-ээс хасаж байсан. Израилтай яг адилхан харьцах ёстой. Ямар ч түрэмгийлэгч улс манай наадамд оролцох ёсгүй” хэмээн Израилд хандан ОХУ-тай адилхан арга хэмжээ авах ёстойг онцолжээ.
Израилын болон Дэмжигч улсуудын хариу үйлдэл
Израилын Ерөнхийлөгч Ицхак Герцог EBU-гийн шийдвэрийг өндрөөр үнэлжээ. Тэрээр үүнийг “Израилын амыг барих гэсэн муу улсуудыг чимээгүй болгосон нөхөрлөл, хамтын ажиллагааны ялалтын бэлгэ тэмдэг болсон шийдвэр” хэмээн магтсан байна.
Уралдааны гол ивээн тэтгэгч болох Герман улс, хэрэв Израилыг хасвал өөрсдөө оролцохгүй хэмээн сүрдүүлсэн бол, наадмыг зохион байгуулагч Австри улс Израилыг дэмжих байр суурьтай байгаа юм.
«Евровидение-2026» наадам ирэх тавдугаар сард Австрид болох бөгөөд оролцохоос татгалзах улсын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Одоогоор Исланд, Бельги улсууд ч уралдаанаас гарах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдээд байгаа юм.