Зүүн Азийн сагсан бөмбөгийн супер лиг буюу EASL-ийн 2025-2026 оны улирлын тэмцээнд өрсөлдөж буй Монголын «Хасын хүлэгүүд» баг өчигдөр өмнөд хөршийн «Changwon LG Sakers» багтай хоёр дахь тоглолтоо хийлээ. Уг тоглолт БНСУ-д болсон бөгөөд өмнө нь Улаанбаатар хотод болсон анхны тоглолтод «Хасын хүлэгүүд» ялалт байгуулж байсан түүхтэй.
Гэсэн хэдий ч, энэ удаа Солонгосын «Changwon LG Sakers» баг өөрийн талбайдаа давуу байдлыг ашиглаж, ялалт авлаа. Тоглолт 98-83 гэсэн онооны зөрүүгээр өндөрлөснөөр, хоёр багийн хожлын харьцаа 1:1 болж тэнцлээ. «Хасын хүлэгүүд» баг EASL-ийн «С» хэсэгт тоглож байгаа бөгөөд одоогоор Тайванийн «New Taipei Kings» багийн дараа буюу хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.
«Хасын хүлэгүүд» багийн хувьд дараагийн чухал тоглолт ирэх оны хоёрдугаар сарын 11-нд болно. Тэд энэ өдөр Японы «Alvark Tokyo» багтай Улаанбаатарт тоглох хуваарьтай байгаа юм. Уг тоглолтын үр дүнгээс «Хасын хүлэгүүд» баг цаашид тэмцээний хасагдах шатанд өрсөлдөх эсэх нь шийдэгдэх тул маш чухал ач холбогдолтой юм.