2025 оны тойм: Монголын спортын ертөнцийг доргиосон онцлох 5 үйл явдал

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
2025 оны тойм

2025 он Монголчуудын хувьд спортын салбарт амжилт арвинтай, баяр хөөрөөр дүүрэн жил байлаа. “Ньюс” агентлаг улиран одож буй энэ оны хамгийн өндөр ач холбогдолтой, түүхэн таван үйл явдлыг ийнхүү нэрлэж байна.

1. Цахим спортын сэргэн мандалт ба “The MongolZ”-ын ноёрхол

Арван жилийн өмнө подвалын интернет кафенуудаас эхэлж байсан цахим спорт өнөөдөр Монголын үндэсний бахархал, залуусын нэгдэл болон хувирчээ. Сүхбаатарын талбайд мянга мянган залуус “The MongolZ” багийнхаа төлөө үүр цайтал уухайлан дэмжсэн нь энэ спортын нэр хүнд ямар түвшинд хүрснийг гэрчилнэ.

Тус баг 2025 онд дэлхийн “CS”-ийн чансааг тэргүүлж, Остин Мэйжорын шийдвэрлэх финалд шалгарсан анхны Ази баг болж түүх бүтээлээ. Үүнээс гадна цахим спортын бусад төрөлд ч монгол тамирчид өндөр амжилт үзүүлэв:

  • “The MongolZ”: Мэйжор тэмцээний финалд хүрч, дэлхийн чансааг манлайлав.
  • Alpha Gaming: “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргад монгол тоглогчидтой Хятадын баг гуравдугаар байр эзлэв.
  • ТОР (А.Бүрэнбаяр): Дэлхийн аваргын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор (MVP) шалгарлаа.
The MongolZ Budapest Major-2025-ийг 5–8-р байраар өндөрлүүллээ
Зургийг: HLTV

2. 3х3 сагсан бөмбөг: Эмэгтэйчүүдийн гайхамшиг ба “Амьд домог”-уудын шагнал

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн монголчуудын зүрх сэтгэлийг эзэмдэв. Хэдийгээр эрэгтэйчүүдийн шигшээ баг хүлээлтэд хүрч чадаагүй ч эмэгтэйчүүдийн баг эх орондоо эзэрхэг тоглож, мөнгөн медаль хүртэн дуулиан тарилаа.

Энэхүү амжилтын цуурай татраагүй байхад сагсан бөмбөгийн “Амьд домог” гэгддэг Т.Санчир, Б.Билгүүн нар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн нь салбарынхны хувьд оны оргил мөч байв. Мөн “Хасын Хүлэгүүд” баг Азийн тавцанд хүчтэй өрсөлдөгч гэдгээ дахин бататгаж, тивийнхээ томчуудтай эн тэнцүү өрсөлдсөөр байна.

2025 оны тойм: Монголын спортын ертөнцийг доргиосон онцлох 5 үйл явдал

3. Баянхонгорын “Аатай” арслангийн түрүү

Төрийн баяр наадамд 76 жилийн дараа Баянхонгор нутгаас Улсын арслан цолтон мэндэлсэн нь бөхийн хорхойтнуудын баярын нулимсыг барсан үйл явдал байлаа. Жинст сумын харьяат Энхтүвшингийн Батмагнай төрийн наадамд ес даван түрүүлж, “Их Богдын бэл, Түйн голын хөвөөнөөс” ирсэн аюумшигтай хүчтэн гэдгээ харуулав.

Тэрбээр наадмын өмнө өөртөө итгэлтэйгээр түрүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан бөгөөд хэлсэн үгэндээ хүрч, түмэн олноо баясгасан юм. Дархан аварга А.Сүхбатын мэхний хувилбаруудыг санагдуулам уран, даацтай барилдаанаараа тэрбээр Хонгор нутгийн нэрийг Төв цэнгэлдэхэд өндөрт цуурайтууллаа.

Э.Батмагнай Өндөр гэгээний 390 жилийн ойд зориулсан даншиг наадамд түрүүллээ
Энхтүвшингийн Батмагнай

4. Хоошорюү С.Бямбасүрэн: Долгорсүрэнгийнхний удам залгасан Их аварга

Мэргэжлийн сүмогийн ертөнцөд монголчуудын ноёрхол үргэлжилж, Хоошорюү С.Бямбасүрэн могой жил 74 дэх Ёкозүна цолыг хүртлээ. Тэрбээр Хацү башёд гайхалтай түрүүлснээр Монголоос төрсөн зургаа дахь Их аварга болж, өвөө Д.Долгорсүрэн болон авга ах нарынхаа дутууг гүйцээв.

Сүмогийн ертөнцөд 17 жил хүчин зүтгэсэн Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлсан нь нэгэн үе дуусаж, шинэ үе эхэлсний дохио болсон юм. С.Бямбасүрэнгийн хувьд авга ах Асашёорюү Д.Дагвадоржийнхоо гаргасан жимээр замнаж, Монгол бөхийн сүр хүчийг арлын оронд дахин батлан харууллаа.

Ёкозүна Хошоорюү Бямбасүрэн Аки башёд 9:0-ээр тэргүүлж байна

5. Октан дахь “Чингисийн баатар”: Б.Энх-Оргилын амжилт

“Physical Asia” шоугаар дамжуулан дэлхий нийтийн хайрыг татсан Б.Энх-Оргил 2025 онд мэргэжлийн тулааны тавцанд гайхамшгийг бүтээв. Түүнийг гадаадын үзэгчид “Чингисийн баатрын дүр төрхтэй, жинхэнэ монгол эр хүн” хэмээн онцлон тэмдэглэж байлаа.

Тэрбээр дэлхийн шилдэг холбоо болох “ONE FC”-ийн аваргын бүсний төлөөх тулаанд Фабрисио Андрадег буулган авч, дэлхийн аварга болсон юм. Ийнхүү Б.Энх-Оргил өөрийн багш, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн 11 жилийн өмнөх амжилтыг давтаж, Монголын холимог тулааны спортын түүхэнд нэрээ мөнхөллөө.

Б.Энх-Оргил
Б.Энх-Оргил

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Эргэнэ 1 сар 2, 2026 - 16:21

Монголын спорт жил ирэх тусам хөгжиж байгаад баяртай байна

Reply
Кутукту 1 сар 2, 2026 - 16:31

Тамирчдаараа бахархах шалтгаан олон болжээ

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй