Table of Contents
Японы Цаг уурын корпорациас энэ оны сакура буюу интоорын цэцэг дэлгэрэх урьдчилсан төлөвийг албан ёсоор танилцууллаа. 2026 оны гурав болон дөрөвдүгээр сард агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа тул сакура ердийнхөөс эрт цэцэглэж, хаврын уур амьсгалыг эрт авчрахаар байна.
Бүс нутгуудаар сакура цэцэглэх урьдчилсан хуваарь
Японы арлын өмнөд хэсгээс хойд туйл хүртэл сакура цэцэглэх үйл явц дараах дарааллаар үргэлжлэх төлөвтэй байна.
- Гуравдугаар сарын 20: Токио, Нагояа, Шизүока хотуудад сакурагийн анхны дэлбээ нээгдэнэ.
- Гуравдугаар сарын сүүл: Токио хотын баруун бүс нутаг болон Хокүрикү, Тохокү бүсийн өмнөд хэсгээр цэцэглэж эхэлнэ.
- Дөрөвдүгээр сарын эх: Тохокү бүс нутаг бүхэлдээ ягаан өнгөнд хучигдана.
- Дөрөвдүгээр сарын 27: Хоккайдо арлын өмнөд хэсэгт сакура цэцэглэж, Японы хаврын баяр хойд зүгт өндөрлөх юм.
Сакурагийн төрөл зүйл ба тэдгээрийн онцлог
Японд олон зуун төрлийн сакура байдаг ч соёл болон утга зохиолд хамгийн ихээр тэмдэглэгдсэн дараах хоёр төрөл нь иргэдийн хамгийн их хүсэн хүлээдэг цэцэг юм.
Somei-yoshino (Сомей-ёшино) Энэ бол Японд хамгийн түгээмэл тархсан төрөл юм. Цайвар ягаан, цагаан туяатай дэлбээтэй бөгөөд навч нь ургахаас өмнө цэцэг нь түрүүлж дэлгэрдэг тул мод бүхэлдээ цэцгэн далай мэт харагддаг онцлогтой.
Kawazu-zakura (Кавазү-закүра) Бусад төрлөөсөө хавьгүй эрт буюу нэгдүгээр сарын сүүлчээр цэцэглэж эхэлдэгээрээ алдартай. Шизүока мужийн Кавазү тосгонд анх үүссэн энэхүү сакура нь илүү тод ягаан өнгөтэй бөгөөд нэг сар орчим хугацаанд цэцэглэдэг тул жуулчдын анхаарлыг ихээр татдаг.

Соёл ба бэлгэдэл
Япончуудын хувьд сакура цэцэглэх нь ердөө байгалийн үзэгдэл биш бөгөөд энэ нь амьдралын түр зуурын гоо үзэсгэлэн, шинэ эхлэл болон хаврын бэлгэдэл болдог. Сакура дэлгэрэх богинохон хугацаанд хүмүүс гэр бүл, найз нөхдийн хамт модны доор цугларч “Ханами” буюу цэцэг харах баярыг тэмдэглэдэг уламжлалтай.