2026 оны хаврын саруудын цаг агаарын төлөв: Хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Таван өдөр цас орж, цасны зузаан 1 метр 40 см болоод байна

Цаг уурын байгууллагаас 2026 оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэлх цаг агаарын ерөнхий төлөвийг гаргалаа. Энэ жилийн хоёрдугаар сард ихэнх нутгаар хүйтний эрч олон жилийн дунджаас чанга байх төлөвтэй байгаа бол хаврын саруудад цаг агаар тогтворгүй, огцом дулаарч хүйтрэх үзэгдэл ойр ойрхон ажиглагдахыг анхааруулж байна.

Хоёрдугаар сарын төлөв: Хүйтний эрч хадгалагдана

Хоёрдугаар сарын агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг болон Өмнөговийн баруун нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол бусад бүх нутгаар дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох нь ээ.

Гуравдугаар сарын төлөв: Бүс нутгийн ялгаатай байдал

Гуравдугаар сар гарахад нутгийн баруун болон зүүн хэсэгт цаг агаарын төлөв харилцан адилгүй байна. Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх бол Дорнод, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадасны хувьд баруун аймгуудад (Баян–Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтайн баруун хэсэг) олон жилийн дунджаас ахиу орох төлөв гарчээ.

Дөрөвдүгээр сарын төлөв: Тогтворжилт

Дөрөвдүгээр сард агаарын температур болон хур тунадасны хэмжээ нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Гэвч хаврын урь орж байгаатай холбоотойгоор хүчтэй шороон болон цасан шуурга шуурах, цаг агаар огцом өөрчлөгдөх эрсдэл өндөр хэвээр байх юм.

Цаг уурын огцом өөрчлөлт, хүйтрэлт үе үе ажиглагдах тул мал төлөлт болон хаврын тариалалтын бэлтгэл ажлыг эртнээс базаах шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой анхаарах зүйлс:

  • Мал бэлчээх: Цаг агаарын дулаарал, хүйтрэлийг харгалзан мал бэлчээх хугацаагаа зөв тохируулах.
  • Тэжээлийн нөөц: Хоёрдугаар сард хүйтний эрч чангарах тул өвс тэжээлийн нөөцөө сайтар хангах.
  • Хашаа хороо: Мал төллүүлэх хашаа хороогоо дулаалж, бэлтгэлээ эртнээс базаах.
  • Мэдээлэл ашиглах: Богино хугацааны нарийвчилсан мэдээг цаг тухай бүрд нь авч, ахуй амьдралдаа ашиглах.
  • Хөдөө орон нутагт зорчих: Шуургатай үед замд гарахгүй байх, тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй