Дэлхий дахинд аюулт Нипах вирус тархаж байна: Вакцингүй, нас баралт 75%

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дэлхий дахинд аюулт Нипах вирус тархаж байна

Энэтхэг улсад Нипах (Nipah) вирусийн шинэ дэгдэлт гарч, эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. Баруун Бенгал мужийн Калькутта хотын ойролцоо уг өвчний таван тохиолдол илэрсэн бөгөөд вирус эмнэлгийн ажилтнуудад халдварлаж эхэлсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Metro хэвлэлийн мэдээлснээр, халдвар авсан хүмүүсийн дунд эмч, сувилагч болон эмнэлгийн нэг ажилтан байгаа аж. Халдвар авсан сувилагчдын нэг нь комд орсон, биеийн байдал нь маш хүнд байна. Одоогоор 180 хүнийг шинжилгээнд хамруулж, халдвартай иргэдтэй ойр байсан 20 хүнийг хатуу хөл хорионд оруулжээ.

Нипах вирус гэж юу вэ?

Нипах нь амьтнаас хүнд дамждаг зооноз өвчин юм. Энэхүү вирусийн байгалийн тээгч нь Энэтхэгт өргөн тархсан жимсний сарьсан багваахай юм.

Халдвар дамжих замууд:

  • Сарьсан багваахай болон гахайтай шууд харьцах;
  • Амьтны шүлс, ялгадсаар бохирдсон жимс, дал модны шүүс хэрэглэх;
  • Хүнээс хүнд (амьсгалын замаар болон ойрын харьцаагаар).

Өвчний шинж тэмдэг:

  1. Өндөр халуурах, толгой өвдөх;
  2. Булчин болон хоолой өвдөх;
  3. Бөөлжих;
  4. Хүндэрсэн үед тархины үрэвсэл (энцефалит) үүсэж, 24-48 цагийн дотор комд орох.

Хамгийн аюултай нь: Өнөөдрийн байдлаар энэ вирусийн эсрэг ямар ч вакцин болон тусгай эмчилгээ байхгүй байна. Нас баралтын түвшин 40%-иас 75% байгаа нь бусад төрлийн вирусээс хавьгүй өндөр үзүүлэлт юм.

ДЭМБ-аас Нипах вирусийг “Нэн тэргүүний эмгэг төрүүлэгч” ангилалд оруулж, дэлхий даяар цар тахал үүсгэх эрсдэлтэй хэмээн анхааруулж байна. Халдвараас сэргийлэхийн тулд зэрлэг амьтдаас хол байх, жимс жимсгэнийг сайтар угааж, дулааны боловсруулалт хийж хэрэглэхийг зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй