Мексикт сураггүй болсон эмэгтэйг эрэн сурвалжлах явцад цагдаа нар гэнэтийн асуудалтай тулгарчээ. Эрэн сурвалжлах хуудаст ашигласан зургуудыг тухайн эмэгтэйн сошиал медиа хаягаас авсан боловч зургийн шүүлтүүрээс болоод түүний бодит төрхтэй бараг нийцэхгүй байсан аж.
Энэхүү үйл явдал 30 настай Гресия Гуадалупе Орантес Мендосатай холбоотой бөгөөд тэрээр 4 дүгээр сарын 12-ны шөнө Чиапас мужийн Окосокоаутла-де-Еспиноса хотод сураггүй болжээ. Ар гэрийнхэн нь хандсаны дараа хууль сахиулагчид сураггүй болсон эмэгтэйчүүдийг эрэн сурвалжлах шуурхай ажиллагааны “Alba протокол”-ыг эхлүүлсэн байна.
Эрэн сурвалжлах хуудаст түүний сошиал хаягийн зургуудыг ашиглан цахим орчинд болон нутгийн иргэдийн дунд тараажээ. Гэвч эмэгтэйн танилууд уг зургийг хараад түүнтэй огт адилгүй байгааг онцолсон байна. Үүнээс болоод иргэд түүнийг таньж, туслахад маш хэцүү болсон аж.
Хүн эрэн сурвалжлах ажилд цаг хугацаа маш чухал байдаг бөгөөд мэдээлэл тараах нь хүн олоход туслах ёстой байтал энэ удаад эсрэгээрээ саад болжээ. Сошиал хэрэглэгчид “Ийм их филтертэй зургаар түүнийг яаж олж чадах юм бэ?” хэмээн шүүмжилж байв.
Хэд хоногийн дараа эмэгтэйг Окосокоаутла болон Хикипилас хотуудын хоорондох замаас амьд олжээ. Одоогоор тэрээр цагдаагийн хяналтад байгаа бөгөөд түүний сураггүй болсон шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байна.
Энэхүү тохиолдол эрэн сурвалжлах ажилд сошиал медиагийн зургийг ашиглах нь хэр оновчтой болох асуудлыг дахин хөндлөө. Аюулгүй байдлын зөвлөх Давид Сауседо тайлбарлахдаа: “Үндэсний сураггүй болсон хүмүүсийг эрэн сурвалжлах комиссоос тогтоосноор ‘Alba протокол’-ын анкетууд ихэвчлэн үр дүнгүй байдаг. Учир нь зургийг сошиал медиагаас авдаг бөгөөд хэрэглэгчид тэндээ маш олон шүүлтүүр, тэр байтугай хиймэл оюун ухааны программ ашигладагтай холбоотой” гэлээ.