Тайландын Суварнабхуми олон улсын нисэх онгоцны буудалд дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Тайванийн 19 настай иргэнийг баривчилсан байна. Тэрээр ховордсон төрөлд тооцогддог Энэтхэгийн 30 ширхэг “одон” яст мэлхийг (Indian Star Tortoises) хууль бусаар тээвэрлэж явжээ. Энэ тухай “The Pattaya News” хэвлэл мэдээллээ.
“Зэрлэг амьтдыг шалгах цэгийн ажилтнууд гааль, цагаачлалын цагдаа болон нисэх буудлын аюулгүй байдлын албаныхантай хамтран ажиллах явцад явах хэсгийн шалгах цэг дээр (Терминалын 5 дугаар давхар) нэгэн эмэгтэйн сэжигтэй үйлдлийг анзаарчээ. Түүний биед нарийвчилсан үзлэг хийхэд хувцасных нь дотор яст мэлхийнүүдийг нуусан байсан нь илэрсэн” гэж уг мэдээнд дурджээ.
Сэжигтэн этгээд амьтдыг хөдөлгөөнгүй болгохын тулд тус бүрийг нь даавуун уутанд хийж, скочоор өөрийнхөө биед шууд наасан байсан гэнэ. Нийт илэрсэн 30 яст мэлхийний 29 нь амьд байсан бөгөөд нэг нь үхсэн байжээ. Энэ төрлийн яст мэлхий нь экзотик амьтдын хар зах дээр маш их эрэлттэй байдаг төдийгүй нэг бүр нь өндөр үнээр зарагддаг байна.
