Дэлхийн поп од Гарри Стайлс ирэх Ням гарагт болох “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолд шагнал гардуулахаар боллоо. Өмнө нь тус наадмаас гурван ч удаа алтан граммофон гардсан тэрбээр хамгийн сүүлд 2023 онд “Harry’s House” бүтээлээрээ хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал болох “Оны шилдэг цомог”-ийг хүртэж байсан түүхтэй.
Гарри Стайлсын хувьд зөвхөн шагнал гардуулах ёслолоор хязгаарлагдахгүй, шинэ уран бүтээлийнхээ бэлтгэлд хэдийнэ ороод байгаа юм. Тэрбээр саяхан “Kiss All the Time. Disco Occasionally” нэртэй цомгийнхоо дэлхийг тойрох аялан тоглолтын товоо зарласан. Түүний аялал тавдугаар сарын 16-нд Амстердамаас эхэлж, арванхоёрдугаар сарын 13-нд Сидней хотод өндөрлөх хуваарьтай байна.
Лос Анжелес хотын “Crypto Arena”-д зохион байгуулагдах 68 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын тайзнаа тоглолт үзүүлэх уран бүтээлчдийн нэрс ч тодорч эхэллээ. Одоогоор Сабрина Карпентер, Аддисон Рэй, KATSEYE болон Те Мариас зэрэг уран бүтээлчид тайзнаа гарахаар батлагдаад байгаа бөгөөд зохион байгуулагчид нэмэлт нэрсийг ойрын өдрүүдэд зарлахаа мэдэгдэв.
Энэ жилийн гол нэр дэвшигчдийн өрсөлдөөн туйлын ширүүн байгааг шүүмжлэгчид онцолж байна. Тухайлбал, Леди Гага, Кендрик Ламар, Билли Айлиш, Розе болон Бад Банни зэрэг одод гол төрлүүдэд нэр дэвшсэн нь үзэгчдийн хүлээлтийг ихэсгэж байна. Хөгжмийн ертөнцийн хамгийн том баяр Ням гарагт Лос Анжелес хотоос дэлхий даяар шууд дамжуулагдах болно.