Америкийн алдарт дуучин Тейлор Свифт АНУ-ын Патент болон барааны тэмдгийн газарт гурван төрлийн барааны тэмдэг бүртгүүлэх хүсэлт гаргажээ. Энэхүү хууль эрх зүйн алхам нь хиймэл оюун ухаан (Artificial Intelligence буюу AI) эрчимтэй хөгжиж буй энэ эринд өөрийн дүр төрх, онцлог шинж чанараа хамгаалахад чиглэсэн гэж үзэж байна.
Энэ талаар Variety мэдээллээ. Хүсэлтүүдийн хоёр нь түүний дуу хоолойг ашигласан “Хөөе, энэ бол Тейлор Свифт”, “Хөөе, энэ бол Тейлор” гэх дуу авиа бүхий барааны тэмдэгт хамааралтай аж. Харин гурав дахь нь визуал (харагдах дүрслэл бүхий) барааны тэмдэг юм. Тодруулбал, “ягаан тайзан дээр, нил ягаан гэрлийн тусгал дор, өнгө өнгийн микрофоны өмнө зогсож буй, өнгө өнгийн гялалзсан боди болон мөнгөлөг гутал өмсөж, хар оосортой ягаан гитар үүрсэн Тейлор Свифтийн гэрэл зураг“-ийг бүртгүүлэхээр болжээ.
Свифтийн “TAS Rights Management” компаниас ирүүлсэн эдгээр хүсэлтийг “Gerben IP” компанийн оюуны өмчийн хуульч Жош Гербен анзаарсан байна. Түүний хэлснээр, барааны тэмдэг бүртгүүлэх энэхүү оролдлого нь хиймэл оюун ухаан уран бүтээлчдийн зөвшөөрөлгүйгээр тэдний дуу хоолой, дүр төрхийг ашиглаж, хяналтыг нь алдагдуулж болзошгүй гэж энтертайнмент салбарынхан ихээхэн болгоомжилж байгааг харуулж байгаа аж.