Ази, Номхон далайн бүс нутгийн хүн амын 50 гаруй хувь нь одоо хотод амьдарч байна – ойролцоогоор 2.3 тэрбум хүн хотын бүсэд оршин сууж байна. Тун удахгүй буюу 2050 он гэхэд дахин 1.2 тэрбум хүн нэмэгдэх төлөвтэй байна. Дэлхийн хамгийн том 33 мегаполис хот 10 сая ба түүнээс дээш хүн амтай байгаагаас 19 нь Азид оршиж байна. 2050 он гэхэд тэдгээрийн хэд нь томорч өргөжихийг төсөөлөөд үз дээ.
Medee.news-ийн мэдээлснээр, UN-Habitat-ийн Бангкок дахь олон улсын хөтөлбөрийн газрын дарга Шриниваса Попури (Srinivasa Popuri) Дэлхийн хот байгуулалтын форумын (WUF13) 13 дугаар чуулгантай холбогдуулан зохион байгуулсан онлайн брифингийн үеэр ийнхүү хэлжээ.
“Ази, Номхон далайн бүс нутаг нь дэлхийн хотын өөрчлөлт шинэчлэлтийн тэргүүн эгнээнд явж байна. Манай хотууд эдийн засгийн өсөлт, инноваци болон дижитал хөгжлийн хөдөлгүүр юм. Үүний зэрэгцээ тэд хотуудын хурдацтай тэлэлт, орон сууцны хүртээмжтэй байдал, төлөвлөлтгүй суурьшил болон нийгмээс тусгаарлагдах асуудал, дэд бүтцийн хомсдол, байгалийн гамшиг, эцэст нь Ази, Номхон далайн бүс нутагт сүүлийн өдрүүд, долоо хоног, саруудад бидний гэрч болсон уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдал зэрэг нарийн төвөгтэй сорилтуудтай тулгарч байна.
WUF13 нь Ази, Номхон далайн бүс нутгийн засгийн газрууд, хотын удирдлагууд, залуучууд, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний хүрээлэн болон хувийн хэвшлийнхэнд шийдлээ хуваалцах, түншлэлээ бэхжүүлэх, хотын бодлогын талаарх дэлхийн хэмжээний хэлэлцүүлгийг өрнүүлэх стратегийн чухал боломж юм” гэж тэрбээр хэлсэн байна.
Сануулахад, WUF13 энэ оны 5 дугаар сарын 17-22-ны өдрүүдэд Бакугийн олимпын цэнгэлдэх хүрээлэнд болно.