Цасан шуурганаар найз бүсгүйгээ ууланд орхисон уулчныг буруутай гэж үзлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Томаса Пламбергер

Австрийн Инсбрук хотын шүүх тус улсын хамгийн өндөр уулын оргилд хамт явсан бүсгүйгээ хөлдөж үхэх аюултай нөхцөлд орхиж явсан уулчин Томас Пламбергер-ийг буруутай гэж үзлээ.

Энэ талаар The Independent агентлагт үндэслэн Medee.news мэдээллээ. Шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгч өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй болон ойр дотны хүнээ алдсан зэргийг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцжээ. Пламбергер таван сар тэнсэн харгалзах ял, 9600 еврогийн торгууль хүлээсэн байна.

Хэргийн нөхцөл байдал

2025 оны 12-р сард Зальцбург хотын 33 настай уулчин бүсгүй Австрийн хамгийн өндөр оргил болох Гросглокнер дээр амь үрэгдсэн тухай мэдээлж байсан юм. Тухайн үед түүний найз залуу нь тусламж дуудахаар бүсгүйгээ орхиж явсан байна. Прокурорын мэдэгдсэнээр, бүсгүй оргилд хүрэхэд ердөө 50 орчим метр дутуу байхдаа цааш явж чадахаа больжээ.

Мөрдөн байцаалтын дүгнэлт

Мөрдөн байцаалтаар аяллыг төлөвлөсөн, туршлагатай уулчин болох Пламбергер нь хамтрагчийнхаа туршлага дутмаг байдал болон хэд хэдэн эрсдэлийг тооцоолоогүй болох нь тогтоогдсон байна:

  • Аюултай хүчин зүйлс: Авиралтыг оройтож эхлүүлсэн, аврах хэрэгсэл хангалтгүй байсан, өндөр уулын аялалд тохирохгүй гутал, тоноглол хэрэглэсэн.
  • Цаг агаар: Тухайн үед салхины хурд 73 км/цаг хүрч байжээ.
  • Хариуцлагагүй байдал: Шүүгдэгч бүсгүйд ямар нэгэн хоргодох байр бэлдэж өгөөгүй, аврах хөнжил эсвэл майхан-уут (biwi bag) үлдээгээгүй төдийгүй тусламж дуудах дуудлагыг цаг алдалгүй хийж чадаагүй байна.

Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас аврах ажиллагаа саатаж, уулын аврагчид хохирогч дээр маргааш өглөө нь л очиж чадсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй