Table of Contents
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр болжээ.
Монголын төрийн тэргүүний түвшинд Казахстан руу 20 жилийн дараа хэрэгжиж буй энэ удаагийн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ өрнүүлэхээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн байна.
Стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргах асуудал ярианы төвд орно
Айлчлалын хүрээнд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг нэгтгэн дүгнэж, хоёр улсын хооронд тогтоосон “Стратегийн түншлэл”-ийг улам өргөжүүлэх, хамтын ажиллагаанд эдийн засгийн илүү өргөн агуулга нэмэх, мөн олон улс болон бүс нутгийн түвшний хамтын ажиллагааг илүү гүнзгийрүүлэх асуудлуудыг хэлэлцэх юм.
Мөн энэ айлчлалын үеэр харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар хоорондын болон байгууллага хоорондын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Бизнес форум, урлагийн тоглолт, дээд түвшний уулзалтууд давхар болно
Айлчлалын хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүд хамтарсан бизнес форум зохион байгуулах бөгөөд Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотод анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулах аж.
Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцохоор байна.
Казахстан Төв Азид Монголын анхны стратегийн түнш болсон
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт илүү гүнзгийрүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн билээ.
Тэр айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааг шат ахиулж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснээ албан ёсоор тунхагласан юм. Ингэснээр Казахстан улс Төв Азийн бүс нутаг дахь Монгол Улсын анхны стратегийн түнш орон болсон байна.
Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны нэгдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан улсад төрийн айлчлал хийж байжээ.