Ойрын 10 хоногийн цаг агаарын төлөв: Хүчтэй шуурга болон хүйтрэлээс сэрэмжлүүлж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Өнөөдөр 18.00 цагаас эхлэн нийт нутгийг хамарсан байгалийн гамшигт үзэгдэл болно

Ирэх арав хоногийн хугацаанд Монгол орны ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй байж, өвлийн сүүлчийн сарын жавар болон хаврын түрүү сарын хатуу ааш хослох төлөвтэй байна. Ялангуяа гуравдугаар сарын 2-нд нийт нутгийн ихэнх хэсгийг хамарч, 3-нд зүүн аймгуудад үргэлжлэн орох цас нь хүчтэй цасан болон шороон шуурга дагуулж байгаа тул хол ойрын замд гарах иргэдийг онцгой сонор сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Хур тунадасны тухайд хоёрдугаар сарын 28-наас эхлэн уулархаг нутгуудаар ялимгүй цас ажиглагдах ч, гол хүндрэл гуравдугаар сарын 02-ны өдөр тохионо. Энэ өдөр төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, салхины хурд секундэд 16-18 метр хүрч ширүүсэх нь үзэгдэх орчин хязгаарлах аюултай. Түүнчлэн говийн бүс нутгаар хүчтэй шороон шуурга шуурах нь мал ахуй, тээврийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүйг анхаарна уу.

Агаарын температурын хувьд Увс нуур, Дархадын хотгор болон томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус хүрч хүйтний эрч чанга хэвээр байна. Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 1-6 градус хүйтэн байх нь бусад нутагтай харьцуулахад дулаан үзүүлэлт юм. Сайн мэдээ гэвэл, гуравдугаар сарын 06-наас эхлэн нийт нутгаар өдрийн температурын хүйтний эрч алгуур суларч, дулаарах төлөв ажиглагдаж байна.

Нийслэл Улаанбаатар хотын хувьд хоёрдугаар сарын 28-ны орой болон гуравдугаар сарын 02-ны өдөр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Хотын хөндий хэсэг буюу Яармаг, Сонгины орчмоор шөнөдөө 27-32 градус хүйтэн байх тул дулаан хувцаслаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй