Өнгөрсөн онд АНУ-ыг орхин гарсан хүмүүсийн тоо тус улсад ирсэн иргэдээс 150 мянгаар давсан тухай Брүүкингсийн хүрээлэнгийн (Brookings Institution) тооцооллоос эш татан The Wall Street Journal (WSJ) мэдээллээ.
Энэхүү нөхцөл байдал нь 1929-1939 оны Их хямралын үеэс хойш анх удаа тохиолдож буйг тус сонин онцолжээ. Шинжээчдийн таамаглаж буйгаар энэ онд улсаа орхин гарах урсгал улам нэмэгдэх төлөвтэй байна. Гэхдээ албан ёсны статистик мэдээлэлд гадагшаа явсан хүмүүсийн тоо бүрэн тусгагддаггүй тул бодит тоо үүнээс ч зөрүүтэй байж болохыг тэд анхаарууллаа.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээгээр, 2025 онд тус улсаас 675 мянган хүнийг албадан гаргасан бол 2.2 сая хүн “өөрийн хүсэлтээр” (self-deported) нутаг буцжээ. WSJ сонин дэлхийн 15 орны мэдээлэлд үндэслэн, тэдэн дээр нэмэгдээд багадаа 180 мянган америк иргэн хилийн чанадыг зорьсон гэж бичсэн байна.
2025 онд АНУ-д ирсэн иргэдийн нийт тоо 2.6-2.7 саяд хүрсэн нь 2023 оны оргил үе болох 6 саятай харьцуулахад эрс буурсан үзүүлэлт юм.
Америкчуудын хамгийн ихээр зорьж буй орнуудын тоонд Өмнөд Америк болон Европын орнууд багтаж байна. Тухайлбал, Европын Холбооны орнуудад ажиллаж, амьдрахаар ирсэн америкчуудын тоо түүхэн дээд хэмжээндээ хүрч, өсөлт нь үргэлжилсээр байгаа аж. Үүнээс гадна АНУ-ын иргэншлээс татгалзах хүсэлт гаргагчдын тоо ч нэмэгджээ. Цагаачлалын асуудал хариуцсан фирмүүдийн мэдээллээр, 2024 онд иргэншлээс татгалзах хүсэлт 48%-иар өссөн байна.
Хүн амын тооллогын статистик мэдээгээр, хамгийн сүүлд 1935 онд АНУ-аас гарч буй хүмүүсийн урсгал ирж буй иргэдээсээ давж байсан бөгөөд тухайн үед америкчууд Зөвлөлт Холбоот Улсыг голлон зорьж байсан тухай нийтлэлд дурджээ.
2 comments
Дэлхий даяар хүмүүсийн шилжилт хөдөлгөөн ихэсч байна
Амьдралын өртөг нөлөөлж байгаа байх