Дорнод аймагт авто замын хөдөлгөөнийг түр зогсоолоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ойрын өдрүүдэд зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Дорнод аймгийн нийт нутгаар цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, аюултай үзэгдэл болох төлөвтэй байгаа тул аймгийн Онцгой комиссоос авто тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ. Цаг уурын байгууллагын мэдээлснээр, 3-р сарын 1-нээс 3-ны өдрүүдэд их хэмжээний цас орж, хүчтэй цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Зам хаах хугацаа болон нөхцөл байдал:

  • Хугацаа: 3-р сарын 2-ны үүрийн 04:00 цагаас эхлэн 3-р сарын 3-ны өглөөний 08:00 цаг хүртэл.
  • Хамрах хүрээ: Дорнод аймгийн нийт сумдаас орох болон гарах бүх хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана.
  • Салхины хурд: Нийт нутгаар 12-14 м/с, Матад болон Халхгол сумдын нутгаар 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Шуурганы улмаас зам даваанд халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах үүднээс энэхүү арга хэмжээг авч байна.

Иргэдэд өгөх анхааруулга:

  • Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх.
  • Бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдалд онцгой анхаарах.
  • Малчид шуурганы үеэр мал бэлчээхгүй байх, хүүхдийг малд явуулахгүй байх.

Аймгийн Онцгой комисс болон холбогдох байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй