Францын Парис хотноо 2-р сарын 26-ны пүрэв гарагт кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг 51 дэх удаагийн “Сезар” шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө.
Арга хэмжээний үеэр 2025 оны 12-р сарын 28-нд таалал төгссөн Францын алдарт жүжигчин Брижит Бардогийн дурсгалыг хүндэтгэж, түүний дэлгэцнээ мөнхөрсөн дүрүүдийн түүвэр видеог гол дэлгэцээр үзүүлсэн юм. Гэвч энэхүү хүндэтгэлийн мөч олныг хамарсан эсэргүүцэл, дуулианаар төгссөн тухай The Guardian мэдээлэв.
Видео бичлэг дуусмагц танхимд байсан зочдын дундаас исгэрэх чимээ гарч, эсэргүүцэл илэрхийлж эхэлжээ. Түүнчлэн нэгэн зочин чангаар “арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч” хэмээн хашхирсан бөгөөд исгэрэх чимээ нэлээдгүй хугацаанд үргэлжилсэн байна.
Хэвлэлийн мэдээлснээр, хүрэлцэн ирсэн зочид ийм хариу үйлдэл үзүүлсэн нь жүжигчин бүсгүйн амьд ахуйдаа баримталдаг байсан үзэл бодолтой холбоотой аж. Брижит Бардо кино урлагаас хөндийрснийхөө дараа хэт барууны үзлийг ил тод дэмжих болсон юм. Тэрээр 2003 онд гаргасан “Анир чимээгүй дэх хашхираан” номондоо ЛГБТ нийгэмлэг болон “Францын нийгэм лалын шашинд уусах” асуудлын эсрэг байр сууриа илэрхийлж байв. Түүний арьс өнгөөр ялгаварласан болон гомофобик (ижил хүйстнээ сонирхогчдыг үзэн ядах) утгатай мэдэгдлүүд, тэр дундаа мусульманчуудын эсрэг чиглэсэн үг хэллэг нь Францын шүүхээс удаа дараа торгууль хүлээх үндэслэл болж байжээ.
Брижит Бардо 2025 оны 12-р сарын 28-нд 91 насандаа таалал төгссөн юм. Түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслол 2026 оны 1-р сарын 7-нд болсон бөгөөд түүнийг Францын Сен-Тропе дахь оршуулгын газарт нутаглуулсан байна.