Монгол Улсыг төлөөлөн БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдаж буй “Hangang Campus Song Festival 2026” олон улсын уралдаанд оролцож байгаа “Нар-Анир” хамтлаг финалын шатанд шалгарлаа.
Соёл урлагийн их сургуулийн дэргэдэх тус хамтлаг үндэсний болон орчин үеийн хөгжмийн өнгө аясыг хослуулсан уран бүтээлээрээ энэ удаагийн наадамд өрсөлдөж, эхлээд шилдэг 15 оролцогчийн нэгээр нэрлэгдсэн юм. Улмаар дэлхийн олон орны нийт 189 хамтлаг оролцсон өрсөлдөөнөөс шилдэг 5 хамтлагийн нэгээр тодорч, эцсийн шатанд үлджээ.
“Нар-Анир” хамтлаг ирэх тавдугаар сарын 2-нд БНСУ-ын Сөүл хотын Jamwon Hangang Park-д болох финалын тоглолтод дахин тайзнаа гарч, олон улсын үзэгчдийн өмнө уран бүтээлээ толилуулах юм байна. Уг шалгаруулалтыг KBS телевизээр дамжуулан олон улсад хүргэхээр болжээ.
Тус хамтлагийн ахлагчаар дуучин А.Ууганзаяа ажилладаг бол бүрэлдэхүүнд морин хуурч, хөөмийч Б.Баярбаатар, хэл хуурч, бүжигчин Б.Батням, гитарчин, хөгжмийн найруулагч Д.Очсүрэн нар багтдаг байна.
“Нар-Анир” хамтлаг уран бүтээлийн чанар, өвөрмөц шийдэл, үндэсний өнгө төрхийг орчин үеийн хөгжмийн хэлбэртэй уялдуулснаараа ялгарч байгаа бөгөөд цаашид Монголын хөгжмийн урлагийг дотоод, гадаадын тайзнаа илүү өргөн хүрээнд сурталчлан таниулах зорилготой ажиллаж байгаа аж.