Бритни Спирс согтуугаар жолоо барьсны улмаас сэргээн засах төвд ханджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Бритни Спирс

Америкийн дуучин, жүжигчин Бритни Спирс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагдсаныхаа дараа сэргээн засах төвд эмчлүүлэхээр болжээ. Энэ тухай дуучны төлөөлөгчийн мэдээллээс иш татан “The Hollywood Reporter” сэтгүүл мэдээллээ.

Мэдээлэлд дурдсанаар, Спирс 4 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн хүсэлтээр сэргээн засах төвд (rehab) хандсан байна.

Өмнө нь буюу 3 дугаар сарын 4-ний өдөр Калифорни мужийн замын цагдаагийн ажилтнууд түүнийг согтуугаар жолоо барьж байхад нь саатуулсан юм. Хууль сахиулагчид маргааш нь түүнийг сулласан ч 5 дугаар сарын 4-ний өдөр тэрээр үйлдсэн зөрчлийнхөө улмаас шүүх бүрэлдэхүүний өмнө очих ёстой аж.

Бритни Спирс 2008 онд сэтгэцийн эрүүл мэнд болон мансууруулах бодисын асуудлаас болж эрх зүйн чадамжгүй гэж тооцогдон, бусдын албадан асрамжид (conservatorship) шилжиж байсан түүхтэй. Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр АНУ-ын шүүх түүнийг асран хамгаалах шийдвэрийг албан ёсоор цуцалсан билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй