Талийгаач Хатан хаан II Элизабетын дүртэй салшгүй холбогддог алдарт Корги үүлдрийн нохой Их Британид устаж үгүй болох эрсдэлд оржээ. Энэ талаар “La Vanguardia” хэвлэлийн мэдээллээс иш татан “Medee.news” агентлаг мэдээллээ.
Үүний шалтгаан нь Нэгдсэн Вант Улсын парламентаар хэлэлцэж буй амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилготой нохой үржүүлгийн шинэ журам юм. Уг хуулийн төсөлд амьтанд өвдөлт үүсгэдэг эсвэл эрүүл мэндийн ноцтой асуудал дагуулдаг бие махбодын өвөрмөц онцлогтой үүлдрүүдийг үржүүлэхийг хязгаарлахаар тусгажээ. Ялангуяа хэт богино хөл, хавтгай хошуу болон арьсны илүүдэл нугалаас зэрэг шинж тэмдгүүд нь амьтны эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байгаа юм.
Шинэ шалгуурт Корги, Такса (Dachshund) болон Ши-тцу (Shih Tzu) зэрэг нийт 67 үүлдэр багтаж болзошгүй аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, биеийн ийм бүтэцтэй ноход үе мөчний үрэвсэл, нурууны суулт болон бусад эрүүл мэндийн хүндрэлд өртөх магадлал маш өндөр байдаг байна.
Хуулийн төслийг шүүмжлэгчид энэхүү зохицуулалт нь Британийн бэлгэ тэмдэг болсон алдартай үүлдрүүдийг бүрмөсөн үгүй хийнэ гэж анхааруулж байгаа бол дэмжигчид амьтны эрүүл мэнд, сайн сайхан байдлыг нэгдүгээрт тавих ёстой гэж үзэж байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр, уг хууль батлагдаж, хэрэгжиж эхэлтэл дор хаяж таван жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байгаа ажээ.