Т.Аубакир сайд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн 70 дугаар чуулганд оролцож байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Т.Аубакир сайд НҮБ-ын эмэгтэйчүүдийн 70 дугаар чуулганд оролцож байна 2

АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны гуравдугаар сарын 9–19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 70 дугаар чуулганд Монгол Улсаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Энэ удаагийн чуулган “Бүх эмэгтэйчүүд, охидын шударга ёсонд хүртээмжтэй байх боломжийг хангах, бэхжүүлэх, үүнд хүртээмжтэй, тэгш эрхэд суурилсан хууль эрх зүйн тогтолцоог дэмжих, ялгаварлан гадуурхсан хууль, бодлого, практикийг арилгах, мөн бүтцийн саад бэрхшээлийг шийдвэрлэх” сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд НҮБ-ын 180 гаруй гишүүн улсын төлөөлөгчид оролцож байна.

Гуравдугаар сарын 9-ний өдөр болсон ЭАБК-ын 70 дугаар чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт сайд Т.Аубакир үг хэлж, эмэгтэйчүүд болон охидын шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхсан хууль, бодлого, практикийг арилгах, тэгш эрхэд суурилсан хууль эрх зүйн тогтолцоог бэхжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Тэрбээр Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулж, олон улсын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлжээ.

Чуулганы үеэр сайд Т.Аубакир дараах арга хэмжээнд оролцсон байна.

  • “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, өндөр настай эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” сэдэвт Сайд нарын дугуй ширээний хэлэлцүүлэг
  • Бүгд Найрамдах Турк Улсын Гэр бүл, нийгмийн үйлчилгээний сайд Махинур Өздемир Гөктөш-тэй уулзалт
  • НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн туслах захирагч Хаолинг Сюй-тэй хоёр талын уулзалт

Мөн гуравдугаар сарын 12-ны өдөр Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран “Байгаль орчны засаглалд хөдөөгийн эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах боломжийг хангах нь” сэдэвт дагалдах арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд болон иргэний нийгмийн төлөөлөл оролцож, жендэрийн эрх тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлтийн бодлогод эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй