Зендея Том Холландтай нууцаар гэрлэсэн гэх цуу ярианд анх удаа хариу өглөө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Зендея и Том Холланд

Америкийн жүжигчин Зендея өөрийг нь жүжигчин Том Холландтай нууцаар хуримаа хийсэн гэх цахим орчны цуу ярианд анх удаа албан ёсны тайлбар өглөө.

Хосуудын эргэн тойрон дахь энэхүү шуугиан стилист Ло Роучийн хийсэн мэдэгдлээс эхэлж, улмаар цахим сүлжээнд тархсан “хуримын зургууд”-аар хүчээ авсан юм. Хиймэл оюун ухаан (AI) ашиглан бүтээсэн тэдгээр зургуудад олон хүн итгэж, хосуудыг аль хэдийнэ гэрлэсэн гэж дүгнэхэд хүрсэн. Эцэст нь жүжигчин бүсгүй “Jimmy Kimmel Live!” шоунд оролцохдоо энэ асуудалд цэг тавьжээ.

“Тэдгээр зургууд маш олон хүнийг хуурч чадсан. Намайг гудамжинд зүгээр л явж байхад хүмүүс ирж, ‘Бурхан минь, таны хуримын зургууд үнэхээр гайхалтай байсан’ гэхэд нь би ‘Хонгор минь, энэ чинь хиймэл оюун ухаан. Бодит биш!’ гэж хариулдаг байлаа. Тэр ч байтугай манай ойр дотныхон хүртэл тэдгээр зургуудад итгэж, хуримдаа уриагүйд минь гомдож байсан” хэмээн Зендея онцолжээ.

Гэхдээ тэрээр Том Холландтай албан ёсоор гэрлэсэн эсэх талаар тодорхой хариулт өгөлгүй нууц хэвээр үлдээсэн нь шүтэн бишрэгчдийнх нь сонирхлыг улам ихээр татаж байна. Тэд хувийн амьдралаа олны нүднээс хол байлгахыг илүүд үздэг уламжлалаа хадгалж үлдлээ.

Хосууд анх 2016 онд “Хүн-аалз: Гэртээ ирсэн нь” киноны зураг авалтын үеэр танилцсан бөгөөд 2021 оноос тэднийг болзож эхэлсэн тухай мэдээлэл медиагаар тархсан юм. Үүнээс хойш тэднийг сүй тавьсан гэх таамаглал олон удаа гарч байсан ч одоогоор албан ёсны баталгаа гараагүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй