Их Британийн Хаан III Чарльз дижей миксерийн ард гарлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Карл

Их Британийн Хаан III Чарльз Манчестер хотын соёлын төвд зочлох үеэрээ дижей палтын ард гарч, авьяасаа сорин олныг гайхшрууллаа.

Монарх өөрийн үүсгэн байгуулсан “King’s Trust” (хуучнаар Prince’s Trust буюу Хунтайжийн сан) сайн үйлсийн сангаас тусламж, дэмжлэг авдаг залуустай уулзахаар ийнхүү Манчестерт очсон тухай BBC агентлаг мэдээлэв. Тус сангийн 50 жилийн ойг тохиолдуулан Хаан III Чарльз Уоррингтон болон Манчестер хотуудад ажиллаж байгаа бөгөөд энэ үеэрээ амьдралын боломж тааруу бүсийн залууст сургалт, зөвлөгөө өгдөг “Factory International” байгууллагатай танилцсан байна.

Хаантай хамт дижей хийсэн нь

Соёлын төвд зочлох үеэр орон нутгийн нэгэн залуу дижей Хаанд миксер дээр ажиллаж үзэхийг санал болгожээ. Хаан III Чарльз ч татгалзалгүй уг саналыг хүлээн авч, дижей палтын ард гарсан байна.

“Хаантай хамт дижей хийх боломж хүн болгонд өдөр бүр олдохгүй шүү дээ” хэмээн залуу хөгжимчин сэтгэгдлээ хуваалцжээ.

Хаан яг ямар ая, хөгжим тоглуулсан талаар мэдээлэлд дурдаагүй байна.

Одоогийн The King’s Trust санг III Чарльз бүр 1976 онд буюу хунтайж байхдаа анх байгуулж байжээ. Сонирхолтой нь, тэрээр Тэнгисийн цэргийн флотын офицероор алба хааж байхдаа авсан тэтгэврийн мөнгөөрөө энэхүү санг үүсгэн байгуулж байсан түүхтэй. Өдгөө тус сан нь хагас зуун жилийн турш залууст боловсрол эзэмших, ажил эрхлэхэд нь тууштай тусламж үзүүлсээр ирсэн Их Британийн хамгийн нэр хүндтэй байгууллагуудын нэг болжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй