Килограмм жинг үхрийн махаар солино: Хятадад тураах аян эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хятадад жингээ хасах хүсэлтэй хүмүүст зориулсан урамшуулал эхэллээ

Хятадын Зянсү мужийн Шаньбэй дүүргийн захиргаанаас илүүдэл жингээ хасах хүсэлтэй иргэдэд зориулсан өвөрмөц урамшуулалт аян эхлүүлжээ. Тус аяны хүрээнд иргэдийн хассан килограмм тутамд үхрийн мах олгохоор амласан байна.

Medee.news агентлагийн мэдээлснээр, “South China Morning Post” сонинд энэ тухай анх нийтэлжээ. “Килограммыг үхрийн махаар” нэртэй энэхүү аян нь иргэдийн дунд эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах зорилготой аж. Тус санаачилга олон нийтийн дунд асар их сонирхол төрүүлж, одоогоор 2400 гаруй хүн оролцох хүсэлтээ ирүүлээд байна. Тэр байтугай хөрш зэргэлдээ бүс нутгийн оршин суугчид энэхүү аянд нэгдэхийн тулд тус дүүрэг рүү нүүхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Гэхдээ уг аянд зөвхөн тухайн мужид эрүүл мэндийн даатгал болон нийгмийн халамжийн шимтгэл төлдөг иргэд хамрагдах боломжтой. Мөн заавал илүүдэл жинтэй байх гэсэн шалгуур тавьсан бөгөөд бэлхүүсний тойрог нь эрэгтэйчүүдэд 90 см, эмэгтэйчүүдэд 80 см-ээс дээш байх ёстой аж.

Оролцогчдын бүртгэл 3-р сарын 20-нд дуусах бөгөөд 3-р сарын 23-наас 27-ны хооронд иргэдийн анхны жинг үзнэ. Жингээ хасахад нийт есөн сар гаруйн хугацаа өгөх бөгөөд эцсийн үр дүнг ирэх оны 1-р сарын 1-нээс 10-ны хооронд дүгнэх юм.

“Солилцооны ханш”-ийн хувьд:

  • Хассан 0.5 кг тутамд 0.5 кг үхрийн мах эсвэл 1.5 кг үхрийн яс;
  • Хассан 1 кг тутамд 0.5 кг үхрийн сүүл;
  • Хассан 1.5 кг жинд үхрийн гүзээ;
  • Хассан 2 кг жинд үхрийн хэл тус тус олгох ажээ.

Зохион байгуулагчдын зүгээс нэг хүнд дээд тал нь 10 кг жинг махаар солих хязгаар тогтоосон байна. Хамгийн гол нь оролцогчид эм тариа хэрэглэхгүйгээр, зөвхөн эрүүл аргаар жингээ хасах ёстой бөгөөд буруу аргаар турснаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудлыг иргэд өөрсдөө хариуцахыг анхааруулжээ.

Хятад улс сүүлийн жилүүдэд хүн амын таргалалттай тэмцэх бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2024 оны 6-р сард Үндэсний эрүүл мэндийн комисс болон бусад 15 яам, тамгын газар хамтран таргалалттай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд эрүүл амьдралын хэв маягийг бүх түвшинд сурталчилсаар байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй