Эмили Блант, Стэнли Туччи нар Алдрын гудамжинд одтой боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Эмили Блант и Стэнли Туччи

The Devil Wears Prada” киноны одод Эмили Блант, Стэнли Туччи нар Холливудын Алдрын гудамжинд өөрсдийн одтой боллоо.

Энэ талаар Page Six болон People мэдээлэв. Ёслол дөрөвдүгээр сарын 30-ны пүрэв гарагт Лос-Анжелес хотод болж, жүжигчдэд 2841 болон 2842 дугаартай од олгосон байна.

Эмили Блант ёслолд нөхөр, жүжигчин, найруулагч Жон Красинскийн хамт ирсэн бол Стэнли Туччи эхнэр, Эмилийн эгч Фелисити Блантын хамт хүрэлцэн иржээ.

Тэднийг дэмжихээр Мэрил Стрип, Роберт Дауни Жуниор, Мэтт Дэймон, Дуэйн Жонсон нар ирж, хүндэтгэлийн үг хэлсэн байна. Мэтт Дэймон Туччи, Блант нарыг “домогт хүмүүс”, “хамгийн хайртай хүмүүс” хэмээн тодорхойлжээ.

“Эмили, бурхан минь, чамайг би өөрөө төрүүлсэн мэт санагддаг. Би чамаар үнэхээр их бахархаж байна. Энд чиний тухай хэлсэн бүхэн үнэн. Дахин хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн Мэрил Стрип Блантад ханджээ.

Мөн тэрээр Туччигийн талаар “Стэнли бол зөвхөн үндэсний бахархал биш. Би сая дэлхийг тойроод ирлээ, хүмүүс түүнийг хаа сайгүй үнэхээр хайрладаг нь илт. Түүнийг хайрлахгүй байх аргагүй — эелдэг, наргианч, хөгжилтэй, хурц зан чанартай, өгөөмөр, сониуч, маш дэгжин хүн” гэж хэлсэн байна.

Блант, Туччи Алдрын гудамжинд одтой боллоо

Туччи үг хэлэхдээ “Энд ирсэн бүх хүнд баярлалаа. Хэлсэн үг бүр надад гүн сэтгэгдэл төрүүлсэн ч Мэрил Стрипийн хэлсэн үг онцгой байлаа. Би түүнтэй хамт ажиллана гэж хэзээ ч бодож байгаагүй. Харин өнөөдөр энд зогсоод түүний үгийг сонсож байгаа нь миний амьдралын хамгийн том хүндэтгэл” гэжээ.

Харин Блант “Энэ надад ямар их утга учиртайг үгээр илэрхийлэхэд бэрх. Энд цугларсан бүх хүн намайг гүн хөдөлгөлөө” гэж хэлсэн байна.

“The Devil Wears Prada” кино 2006 онд нээлтээ хийж байсан. 20 жилийн дараа уг бүтээлийн үргэлжлэл гарч байгаа бөгөөд “The Devil Wears Prada 2”-ын дэлхийн нээлт тавдугаар сарын 1-нд болно. Шинэ ангид Мэрил Стрип, Энн Хэтэуэй, Эмили Блант, Стэнли Туччи нар дахин дүрээ бүтээжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй