Хүний наслалтад удамшлын нөлөө төсөөлснөөс хавьгүй их байж мэднэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хүний наслалтад удамшлын нөлөө төсөөлснөөс хавьгүй их байж мэднэ

Олон жилийн турш судлаачид хүний наслалтад генетикийн үүрэг харьцангуй бага гэж үзсээр ирсэн. Өмнөх үнэлгээнүүдээр хүмүүсийн хэр удаан наслах ялгааны ердөө 20-25 хувь нь удамшлын хүчин зүйлтэй холбоотой гэж тооцогдож байв. Зарим томоохон судалгаанд энэ үзүүлэлт бүр 10 хувиас ч доогуур гэж гарч байсан юм.

Гэвч Вейцманы шинжлэх ухааны хүрээлэнгийн шинэ судалгаа энэ ойлголтыг өөр өнцгөөс харахад хүргэж байна. Тус ажлын дүнгээр хүмүүсийн насжилтын ялгаатай байдлын бараг тал хувь нь генетиктэй холбоотой байж болохыг харуулжээ. Өөрөөр хэлбэл, удамшлын нөлөө өмнө нь таамаглаж байснаас ойролцоогоор хоёр дахин өндөр байх магадлалтай гэсэн үг. Энэхүү судалгааг Вейцманы Молекул эсийн биологийн тэнхимийн профессор Ури Алоны лабораторийн судлаач Бен Шенхар удирдан явуулсан байна.

Өмнөх ойлголт яагаад эргэлзээтэй болж эхэлсэн бэ

Эрдэмтэд урт хугацаанд хүний наслалтыг гол төлөв генетикийн бус хүчин зүйлс тодорхойлдог гэж үзэж иржээ. Ийм хандлагын улмаас урт наслахтай холбоотой тодорхой удамшлын хүчин зүйлс үнэхээр байдаг эсэхэд хүртэл зарим судлаач эргэлздэг болсон байна.

Шинэ судалгааны хүрээнд Вейцманы шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд Швед, Данийн ихрүүдийн эрүүл мэндийн мэдээлэл бүхий гурван том өгөгдлийн санг ашиглажээ. Өмнөх ижил төстэй судалгаанууд ихэнхдээ тусдаа өссөн ихрүүдийн мэдээллийг хангалттай ашигладаггүй байсан бол энэ удаад судлаачид ийм өгөгдлийг тусгайлан хамруулсан байна. Ингэснээр генетикийн нөлөөг амьдралын орчин, нөхцөлийн нөлөөнөөс илүү тодорхой ялгаж шинжлэх боломж бүрджээ.

Нас баралтын шалтгааныг ялгаж үзсэн нь дүнг өөрчилжээ

Судлаачдын үзэж байгаагаар өмнөх тооцооллуудад гаднын хүчин зүйлсийн нөлөө ихээхэн хутгалдсан байжээ. Үүнд осол, халдварт өвчин, хүрээлэн буй орчны сөрөг нөлөө зэрэг хөгшрөлтөөс шууд бус шалтгаант нас баралтууд багтдаг байна. Харин хуучин мэдээллийн сангуудад нас баралтын шалтгааныг нарийвчлан ялгаагүй учраас биологийн хөгшрөлттэй холбоотой нас баралтыг гаднын нөлөөллөөс салган үнэлэх боломж хязгаарлагдмал байсан аж.

Энэ асуудлыг даван туулахын тулд судлаачид шинэ шинжилгээний арга боловсруулжээ. Тэд математик загвар гаргаж, компьютерийн симуляц ашиглан хөгшрөлтөөс үүдэлтэй нас баралтыг гаднын шалтгаант нас баралтаас ялгаж тооцсон байна. Ийнхүү гаднын нөлөөг шүүж үзэхэд генетикийн үүрэг өмнөхөөс хавьгүй хүчтэй байгааг тогтоожээ. Энэ үр дүн нь амьтдад хийсэн зарим судалгааны дүнтэй ч нийцэж байгаа юм.

Урт наслалтын генийг хайх судалгаанд шинэ түлхэц өгч магадгүй

Энэхүү дүгнэлт нь хөгшрөлт болон урт наслахтай холбоотой шинжлэх ухааны ойлголтыг өөрчилж болзошгүй байна. Хэрэв удамшлын хүчин зүйл үнэхээр урьд өмнө бодож байснаас илүү том нөлөөтэй бол урт наслахад нөлөөлдөг тодорхой генүүдийг илрүүлэх ажил улам чухал болох юм.

Вейцманы хүрээлэнгийн профессор Шенхар “Хүн хэр урт наслах нь ихэнхдээ генетикийн бус хүчин зүйлсээс хамаардаг гэж эрдэмтэд олон жилийн турш үзэж ирсэн. Үүний улмаас хөгшрөлтөд генетик нөлөөлдөг эсэхэд ихээхэн эргэлзэх хандлага бий болсон юм. Мөн урт наслахад нөлөөлдөг ген олж тогтоох боломжтой эсэхэд эргэлзэхэд хүргэсэн” гэж хэлжээ.

Тэр нэмж “Харин удамшил чамлашгүй хэмжээгээр нөлөөлдөг гэдгийг харуулснаараа урт наслахад нөлөөлдөг генүүдийг хайх хөшүүрэг болно. Ингэснээр хөгшрөлтийн биологийн процессыг илүү сайн ойлгож, цаашлаад үүнийг эмчилгээний аргаар хөгшрөлтийг шийдэх боломжийг хайх нөхцөл бүрдэх юм” гэж онцолсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй