Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр болжээ. Монголын төрийн тэргүүн 20 жилийн дараа Казахстаны нутагт төрийн айлчлал хийх гэж буй нь хоёр улсын харилцаанд онцгой ач холбогдолтой үйл явдалд тооцогдож байна.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийж, дараа нь албан ёсны хэлэлцээ өрнүүлэхээр төлөвлөжээ. Мөн уулзалтын дараа хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгч, сүүлийн 30 гаруй жилийн харилцааны үр дүн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг танилцуулах юм.
Талууд энэ удаагийн дээд түвшний уулзалтаар “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс болон бүс нутгийн тавцан дахь уялдаа холбоог илүү гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Үүний зэрэгцээ Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар бэлтгэж байгаа аж.
Төрийн айлчлалын хүрээнд Монгол-Казахстаны бизнес форум зохион байгуулагдана. Мөн Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн концертыг толилуулж, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэхээр төлөвлөсөн байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалынхаа үеэр Астана хотод болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцох юм. Ингэснээр энэхүү айлчлал зөвхөн хоёр талын харилцаагаар хязгаарлагдахгүй, бүс нутгийн хамтын ажиллагааны түвшинд ч ач холбогдолтой болж байна.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах томоохон түлхэц болсон билээ. Тухайн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааг шат ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүрснээ албан ёсоор тунхагласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь Монгол Улсын анхны Стратегийн түнш орон болсон. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд үүнээс хойш улс төр, эдийн засаг, соёлын салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой өргөжүүлж иржээ.
Монголын талаас өмнө нь 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийж байсан түүхтэй. Харин энэ удаагийн айлчлал нь 20 жилийн дараах шинэ нөхцөл дэх өндөр түвшний харилцааны дараагийн чухал алхам болж байна.
Эдийн засгийн үзүүлэлтээр авч үзвэл, 2025 онд хоёр улсын худалдааны эргэлт 7,7 хувь нэмэгдэж, 133,5 сая ам.долларт хүрчээ. Үүнээс Казахстанаас Монголд нийлүүлсэн барааны хэмжээ 15,2 мянган тонн (+2,3%) болж, мөнгөн дүнгээр 123 сая ам.доллар (+2,4%) болсон байна.
Казахстанаас Монголд нийлүүлсэн барааны бүтцэд гар утас хамгийн өндөр хувийг эзэлжээ. Тухайлбал, 183,9 мянган ширхэг (+2,7%) гар утас нийлүүлсэн бол нөүтбүүк, планшет – 22,8 мянган ширхэг (-5,8%), гоо сайхны бараа, үс арчилгааны хэрэгсэл – 147,9 тонн (+17,2%), эм – 10,9 тонн (-7,6%), тамхи – 1,2 тэрбум ширхэг (+0,6%) тус тус нийлүүлсэн байна.
Хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт ч мөн энэ худалдаанд жин даржээ. Үүнд йогурт, овьёос – 729,5 тонн (-30,3%), масло, бяслаг – 128,3 тонн (+12%), шоколад – 409,8 тонн (-1,9 дахин), печенье, вафли – 1,7 тыс. тонн (+1,7 дахин), кофе – 294,2 тонн (-20,2%) багтаж байна.

Харин Монголоос Казахстанд нийлүүлсэн барааны хэмжээ эрчимтэй өссөн үзүүлэлттэй гарчээ. Нийлүүлэлтийн хэмжээ 4,1 дахин нэмэгдэж, мөнгөн дүн нь 2,7 дахин өссөөр 10,4 сая ам.долларт хүрсэн байна.
Монголын экспортын гол бүтээгдэхүүн нь адууны мах байлаа. Өнгөрсөн жил Монголоос Казахстанд 2,8 мянган тонн адууны мах нийлүүлсэн нь 10,4 сая ам.долларын дүнтэй гарсан байна.
Үүнээс гадна хувцас, гоёл чимэглэл – 1,9 дахин нэмэгдэж, 53,2 тонн, гутал – 2,4 хувь нэмэгдэж, 10,4 мянган хос, хивс – 5,7 дахин нэмэгдэж, 1,5 мянган кв. М болсон байна. Мөн Казахстан улс манайхаас төмс (1,2 мянган тонн), хүнсний амтлагч (70 тонн), арьс, савхин цүнх (779 ширхэг), одеял, бүтээлэг (207 ширхэг), барилгын материал (10,3 тонн) импортолжээ.
Хоёр улсын эдийн засгийн харилцааг харвал, Казахстан Монголд өргөн хэрэглээний болон хүнсний бараа нийлүүлдэг бол Монголын хувьд мах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, зарим боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнээр нийлүүлэлт хийж байна. Энэ удаагийн төрийн айлчлалын үеэр худалдаа, хөрөнгө оруулалт, логистик, хамтарсан төслийн цар хүрээ илүү өргөжих хүлээлттэй байгаа юм.
- 2025 онд хоёр улсын худалдааны эргэлт 133,5 сая ам.долларт хүрчээ
- Казахстанаас Монголд нийлүүлсэн барааны мөнгөн дүн 123 сая ам.доллар (+2,4%)
- Монголоос Казахстанд гаргасан экспорт 10,4 сая ам.доллар болж, 2,7 дахин өссөн
- Монголын гол экспортын бүтээгдэхүүн нь 2,8 мянган тонн адууны мах байв
- Казахстан манайхаас төмс (1,2 мянган тонн), хүнсний амтлагч (70 тонн) зэрэг бараа авсан байна