ХҮН намын зөвлөл 2.3 их наяд төгрөгийн өртөгтэй Туулын хурдны замыг үр ашиггүй гэж дүгнэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ХҮН намын зөвлөл Туулын хурдны зам төслийг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзжээ

УИХ дахь ХҮН намын зөвлөл ээлжит хуралдаанаараа нийт таван асуудал хэлэлцсэний дотор Туулын хурдны зам болон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл багтжээ. Намын зөвлөлийн зүгээс Туул голын дагуу тавихаар төлөвлөж буй хурдны замыг эдийн засаг болон байгаль орчны хувьд ач холбогдол багатай хэмээн үзэж, төслийг зогсоох байр суурийг нэгдсэн байдлаар гаргасан байна.

ХҮН намын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Б.Ганзориг төслийн талаар хийсэн мэргэжлийн ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Тэрбээр “2.3 их наяд төгрөгөөр байгаль орчинд халтай, эдийн засагт үр өгөөж муутай, түгжрэлд бодитой нөлөө үзүүлэх боломжгүй энэ төслийг цаашид үргэлжлүүлэн явуулах шаардлагагүй. Энэ бол үр ашиггүй төсөл гэж үзсэн” хэмээн мэдэгдэв. Түүнчлэн уг трассаар зам тавихын оронд одоо байгаа уулын замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх нь хотын зүүнээс баруун чигт чиглэсэн хөдөлгөөнийг зохицуулахад илүү үр дүнтэй болохыг тэрбээр онцолсон юм.

Намын зөвлөлийнхөн төслийн санхүүжилт болон үр ашгийн харьцааг дараах байдлаар шүүмжилж байна. Үүнд:

  1. Төслийн өртөг 2.3 их наяд төгрөг байгаа нь эдийн засгийн өнөөгийн нөхцөлд дэндүү өндөр зардал.
  2. Туул голын байгаль орчны тэнцвэрт байдалд үзүүлэх сөрөг нөлөөлөл их.
  3. Нийслэлийн түгжрэлийг 15 хувиар бууруулна гэх тооцоолол бодит амьдрал дээр биелэх боломж бага.
  4. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байгаа энэ үед 6-8 их наяд төгрөг шаардах тойрог замуудыг барих нь цаг хугацааны хувьд эрсдэлтэй.

Түгжрэлийн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Наранбаяр замын техникийн тооцооллын алдааг дурдлаа. Тэрбээр хэлэхдээ “Долоон газарт уулзвар орж ирвэл лонхны амсар шиг үр нөлөө үзүүлнэ” хэмээн сануулаад, замаас хотын төв рүү орох хөдөлгөөний эрчим түгжрэлийг улам нэмэх магадлалтайг тэмдэглэв. Мөн өвлийн улиралд хурдны зам дээрх 100 км/цагийн хурд аюултай бөгөөд буруу жолооны хүрдтэй автомашинуудын хүчин зүйлийг тооцоогүй нь 15 хувийн үр дүнг дэгс харагдуулж байна гэж тэрбээр үзэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй