Э.Батшугар: Тавдугаар сарын 1-нээс эмч нарын нэмэгдлийг шинэ цалингаас нь тооцно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Э.Батшугар: Тавдугаар сарын 1-нээс эмч нарын нэмэгдлийг шинэ цалингаас нь тооцно

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өгч, эмч нарын цалингийн тогтолцоонд өөрчлөлт оруулахаар болсныг танилцууллаа.

Тэрээр Засгийн газар эмч нарын цалинг нэг шатлалтай болгох шийдвэр гаргасан гэж мэдэгдэв. Өнгөрсөн онд эмч нарын цалинг нийт 75 хувиар нэмэх шийдвэр гарсан бөгөөд үүнийг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувиар нэмээд, наймдугаар сараас эхлэн сар бүр есөн хувиар өсгөсөөр нийт 75 хувьд хүргэхээр тооцоолжээ.

Гэхдээ энэ оны эхнээс хэрэгжсэн 30 хувийн нэмэгдлийн дараа нэг хүндрэл гарсан байна. Эмч нар үндсэн цалингаасаа гадна илүү цаг, жижүүрийн мөнгө авдаг боловч эдгээр нэмэгдлийг бодохдоо өмнөх, нэмэгдээгүй цалингаас нь тооцож байжээ. Харин хувь хүний орлогын албан татварыг нэмэгдсэн суурь цалингаас нь бодож авсан байна. Ийм зөрүүг арилгахын тулд цалингийн тооцоог нэг мөр болгож, нэмэгдлийг шинэ цалингаас бодохоор шийдвэрлэсэн гэж сайд онцоллоо.

Энэ өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд 150 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд уг хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн хэмнэлтээс гаргахаар төлөвлөжээ. Үүний хүрээнд эмийн худалдан авалтыг нэг цонхны бодлогоор зохион байгуулж, эм болон эмнэлгийн хэрэгслийг нэгдсэн үнээр авах замаар зардал бууруулах аж.

Мөн эмнэлгүүдийн захиргааны бүтцэд цомхотгол хийж хэмнэлт гаргана гэж мэдэгдсэн байна. Харин эмч, сувилагч нарыг огт цомхотгохгүй бөгөөд зөвхөн эмнэлгийн захирлын ажлын алба зэрэг захиргааны чиглэлийн орон тоонд өөрчлөлт хийхээр болжээ.

Ингэснээр ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн эмч, эмнэлгийн ажилтнуудын нэмэгдлийг нэмэгдсэн үндсэн цалингаас нь тооцож олгохоор болсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй