Хамзат Чимаев: Олимпын аваргууд надтай бэлтгэл хийгээд амьд үлдвэл 200 мянган ам.доллар өгье

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хамзат Чимаев

Холимог тулааны UFC холбооны дунд жингийн босоо аварга Хамзат Чимаев АНУ-ын мэргэжлийн бөхийн RAF лигтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан нь спортын ертөнцөд шуугиан тарилаа. Уг мэдээлэл цацагдсаны дараа чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга Бо Никал түүнийг халз барилдаанд дуудсан юм. Чимаевын хувьд Чечень гаралтай бөгөөд Швед улсад суурьшсаныхаа дараа тус улсын чөлөөт бөхийн аваргаар хэд хэдэн удаа тодорч байсан арвин туршлагатай тамирчин билээ.

Дэлхийн гурван удаагийн аварга бөгөөд 2016 оны олимпын наадмын алтан медальт Кайл Снайдер мөн Хамзаттай хүч үзэх хүсэлтэй байгаагаа ил тод илэрхийлэв. Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Би бэлэн байна. Хэзээ ч хамаагүй хүрээд ир” хэмээн бичсэн нь хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татаад байна. Харин Хамзат Чимаев эдгээр дуудлагуудад тун ч дээрэнгүй бөгөөд егөөтэй хариу барьсан юм.

Тэрбээр бөхчүүдийг өөрийнх нь нэр хүндийг ашиглаж мөнгө олох гэж байна хэмээн шүүмжилж, дараах мэдэгдлийг хийжээ:

“Хөөрхий ядуу зүдүү бөхчүүд надад халз дуудлага ирүүлдэг боллоо. Надад бэлтгэл хангагч дутагдаж байгаа шүү. Ямар ч олимпын аварга байсан хамаагүй ирж, бэлтгэл хангаад өг. Надтай бэлтгэл хийгээд амьд үлдвэл би 200 мянган ам.доллар өгье”.

Хамзат Чимаев

Одоогоор RAF лигийн аваргуудын эгнээнд дараах тамирчид бичигдэж байна:

  • 130 кг: Уайт Хендриксон
  • 97 кг: Кайл Снайдер
  • 86 кг: Кайл Дэйк
  • 79 кг: Дин Хамити
  • 74 кг: Дэвид Карр
  • 61 кг: Остин Десанто

Хамзат Чимаев ирэх тавдугаар сарын 10-нд АНУ-ын Ньюарк хотод аваргын бүсээ хамгаалах хариуцлагатай тулаанаа хийхээр төлөвлөж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн RAF лигийн үүсгэн байгуулагч Чад Бронштейн Снайдер, Никал нараас гадна Колби Ковингтонтой барилдуулах хувилбарыг судалж байгаагаа хэллээ. Тэрбээр “Снайдер Чимаевыг их хүндэлдэг. Сайхан өрсөлдөөн болох ёстой. Бид энэ барилдааныг зохион байгуулж болох юм” хэмээн төлөвлөгөөгөө хуваалцжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй