K-pop-ын алдарт BTS хамтлагийг үндэслэгч Пан Си Хёкыг баривчлахаар төлөвлөж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Пан Си Хёка

БНСУ-ын цагдаагийн байгууллага K-pop-ын алдарт BTS хамтлагийн продюсер Пан Си Хёкыг баривчлахаар зэхэж байгаа талаар “Associated Press” агентлаг мэдээллээ.

Нийтлэлд дурдсанаар, “Hybe Corporation” хөгжмийн конгломератын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг хөрөнгө оруулагчдыг залилан, 100 сая гаруй ам.доллар хууль бусаар завшсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа аж. Сөүл хотын цагдаагийн газраас продюсер Пан Си Хёкыг баривчлах зөвшөөрөл олгох хүсэлтийг прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Пан Си Хёк 2019 онд хөрөнгө оруулагчдыг санаатайгаар төөрөгдүүлсэн гэх хэрэгт буруутгагдаж байгаа юм. Тухайн үед тэрээр “Hybe” компанийг хөрөнгийн биржид гаргах төлөвлөгөөгүй байгаа хэмээн мэдэгдэж, хөрөнгө оруулагчдыг хувьцаагаа нэгэн хувийн хөрөнгө оруулалтын санд худалдахыг ятгажээ. Үүний дараа тус компани IPO (хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгох) хийсэн байна.

Хууль сахиулах байгууллагын үзэж буйгаар, уг хөрөнгө оруулалтын сан Пан Си Хёктой нэмэлт хэлцэл байгуулж, IPO хийсний дараах хувьцааны борлуулалтын ашгийн 30 хувийг түүнд олгохоор тохиролцсон байжээ. Энэхүү далд хэлцлийн хүрээнд продюсер Пан Си Хёк ойролцоогоор 136 сая ам.доллар авсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй