Өмнөд Солонгосын алдарт хос Хён Бин, Сон Е Жин нарын гэрлэлтийн өмнөх үеийн нууцлаг харилцааны талаарх шинэ баримтууд шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг татаж байна. Тэдний голфийн дасгалжуулагч Им Жин Хан саяхан өгсөн ярилцлагадаа хосуудын болзоог хэрхэн нууцалдаг байсан тухайгаа илэн далангүй хуваалцжээ. Тэрээр хосуудын харилцааг хамгийн ойр хүмүүсээсээ ч нуух шаардлагатай болсон тул эхнэртээ хүртэл худал хэлж байсан гэнэ.
Сон Е Жин нэг удаа зураг авалтын талбай дээрээсээ шууд жинсэн өмд, шаахайтай ирж бэлтгэл хийж байсан бөгөөд удалгүй Хён Бинд мөн хичээл зааж өгөх хүсэлт тавьснаар тэд хамтдаа голф тоглох болжээ. Им Жин Хан эхнэртэйгээ болсон хөгжилтэй явдлыг дурсахдаа “Эхнэр маань надаас Сон Е Жин, Хён Бин хоёр гэрлэх болов уу? гэж асуухад би түүнд “Чи чинь юугаа яриад байгаа юм бэ” гэж хэлж байснаа санаж байна” хэмээв. Гэвч уг ярианаас ердөө 20 орчим хоногийн дараа тэд гэрлэхээр болсноо зарлахад эхнэр нь түүнийг “урвагч” хэмээн хошигнон дуудсан байна.
Дасгалжуулагч тэднийг зан чанарын хувьд бие биенээ гайхалтай нөхдөг төгс хос гэж тодорхойлсон юм. Тэрээр үргэлжлүүлэн “Сон Е Жин нээлттэй, эршүүд талдаа бол Хён Бин илүү дуу цөөтэй, даруухан талдаа нэгэн. Тэд болзож байхдаа нэгнийгээ Бин, Е Жин гэж дууддаг байсан бол гэрлэснийхээ дараа “хонгор минь”, “хайрт минь” гэж дуудах нь ихэссэн юм шиг санагдаж байна” гэж ярьжээ. Хосуудын хайр сэтгэлийн түүхийг товчхон сануулбал:
- 2018 онд дэлгэцнээ гарсан “The Negotiation” киноны зураг авалтын үеэр анх танилцсан.
- 2019 онд үзэгчдийн хүртээл болсон “Crash Landing on You” цувралд хамтран тоглох үедээ дотноссон.
- 2021 онд тэд харилцаагаа олон нийтэд албан ёсоор баталгаажуулсан.
- 2022 онд нижгэр хурим хийж, албан ёсоор гэр бүл болсон билээ.
Дэлхийн хэмжээний одод болсон тэдний хувийн амьдралын эдгээр жижиг нарийн нандин дурсамжууд одоо ч үзэгчдийн дунд сонирхолтой сэдэв хэвээр байна. Дасгалжуулагч Им Жин Ханы дэлгэсэн энэхүү түүх хосуудын харилцаа хэчнээн энгийн бөгөөд чин сэтгэлийнх байсныг дахин нэг баталлаа.