ДЦС-5 төслийн талбайг чөлөөлж, 65 жилийн хуримтлагдсан үнсийг зайлуулж эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дулааны тавдугаар цахилгаан станц

Нийслэлийн баруун бүсийн эрчим хүчний дутагдлыг нөхөх стратегийн чухал ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн барилга угсралтын бэлтгэл ажил ийнхүү эрчимжиж байна. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 26.4 га талбайд шинэ станцыг босгохоор төлөвлөсөн бөгөөд уг газар нь 1961 оноос хойш ажиллаж буй ДЦС-2-ын үнс хуримтлуулах сан болж ашиглагдсан түүхтэй юм.

Одоогийн байдлаар 65 жилийн турш хуримтлагдсан үнсийг зайлуулах нүсэр ажил өрнөж байгааг албаныхан мэдээлэв. Төслийн Техникийн хяналтын хэлтсийн ахлах инженер Л.Баасан ажлын явцын талаар хэлэхдээ “Талбайгаас нэг сая куб.метр үнс зөөх бөгөөд хоёр сарын хугацаанд энэ ажлыг хийж дуусгахаар төлөвлөсөн. Үнсийг Морингийн даваанд зөвшөөрөгдсөн газарт буулгана. Үнс зөөх ажил дууссаны дараа хөрсний тэгшилгээ хийж, суурийн ажлуудыг гүйцэтгэнэ. Энэ жил бүх суурийг цутгаж дуусгахаар төлөвлөж байна. Мөн тоноглолуудаа татаж авч, зам талбайгаа бэлдэнэ” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Шинэ станц ашиглалтад орсноор цагт 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай болох төлөвлөлттэй байна. Энэхүү эх үүсвэр нь Улаанбаатар хотын баруун хойд бүсийн дулааны эрчим хүчний гол зангилаа болох бөгөөд дараах бүсүүдийг найдвартай эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэнэ:

  1. Таван шар болон 21 дүгээр хороолол;
  2. “Хилчин” хотхон болон Баянхошууны бүс;
  3. 3-4 дүгээр хороолол болон 1 дүгээр хороолол.

Эрчим хүчний энэхүү томоохон бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй бөгөөд нийслэлийн төсвөөс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгч “Митайм Интернэйшнл” компани үлдэх 80 хувийг санхүүжүүлж байна. Нийт 27.5 жилийн хугацаатай түншлэлийн гэрээний хүрээнд барилга угсралтыг 2.5 жилд багтаан гүйцэтгэж, станцыг 2028 оны III улиралд ашиглалтад оруулахаар зорьж байгаа ажээ.

Станцын технологийн хувьд байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг түлхүү нэвтрүүлж, агаарт хаягдах азот, хүхрийн ислийг эргэлтэт буцламтгай үет шаталттай зуухаар хянахаар болжээ. Мөн агаарын хөргөлттэй конденсатор болон үнсийг барилгын материалд дахин ашиглах хуурай зайлуулах системийг суурилуулах нь экосистемд үзүүлэх сөрөг нөлөөг хамгийн бага түвшинд байлгана гэж НЗДТГ-аас мэдээлэв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй