BLACKPINK хамтлагийн гишүүн Жисүгийн эргэн тойронд үүсээд буй гэр бүлийн маргаантай холбоотой цуурхалд түүний хууль ёсны төлөөлөгчөөс албан ёсны хариу өглөө. Сүүлийн үед цахим орчинд уран бүтээлчийн төрөл төрөгсөдтэй холбоотой баталгаажаагүй мэдээллүүд эрчимтэй тархаж байгаа тул ийнхүү мэдэгдэл гаргах шаардлага үүсжээ.
Тухайлбал, дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Жисүгийн ахыг эмэгтэй нэвтрүүлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр баривчлагдсан болон түүний эхнэр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллүүд гарсан юм. Үүнтэй холбогдуулан BLISSOO агентлагийг төлөөлж буй “Kim & Chang” хуулийн фирмийн өмгөөлөгч Ын Хён Хо бодит байдлыг тодруулсан тайлбар хийв.
Өмгөөлөгчийн мэдэгдсэнээр, Жисү бага наснаасаа дадлагажигч болж, гэр бүлээсээ тусдаа амьдарч ирсэн тул бусдын хувийн асуудлыг мэдэх болон оролцох боломжгүй аж. Хэдийгээр агентлагаа байгуулах үедээ гэр бүлээсээ зөвлөгөө авч байсан нь үнэн боловч одоо тэд компанийн удирдлага, шийдвэр гаргалтад огт оролцдоггүй бөгөөд цалин урамшуулал авдаггүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн хэрэгт холбогдсон гэх этгээд нь BLISSOO-ийн гүйцэтгэх захирал эсвэл хамтран үүсгэн байгуулагч гэх мэдээлэл нь илт худал бөгөөд агентлаг түүнд ямар нэгэн хууль зүйн болон санхүүгийн туслалцаа үзүүлээгүй байна. Хуулийн багийн зүгээс дараах үйлдлүүдийн эсрэг эрүүгийн болон иргэний хариуцлага хүлээлгэхээ хатуу анхаарууллаа:
- Худал мэдээлэл, гүтгэлэг агуулсан контент бүтээх болон тараах;
- Уран бүтээлчийн нэр, дүр төрхийг холбоогүй асуудалтай санаатайгаар холбох;
- Баталгаажаагүй, таамаглалд тулгуурласан мэдээллийг нийтлэх болон түгээх.
Энэхүү мэдэгдлийн төгсгөлд уран бүтээлчийн нэр хүндэд халдаж буй аливаа хууль бус үйлдлийн эсрэг шуурхай арга хэмжээ авч, гүтгэлэг тараасан этгээдүүдэд хариуцлага тооцохоо мэдэгдлээ. Цаашид ийм төрлийн ташаа мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг хуульчийн зүгээс хүссэн юм.