Трамп болон хэвлэлийнхний уулзалтын үеэр буудсан этгээд Калифорнийн “Сарны шилдэг багш” байжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Коул Аллен

Өнөөдөр Дональд Трамп оролцсон Цагаан ордны сурвалжлагчдын холбооны оройн зоогийн үеэр гал нээсэн этгээдийг Калифорни мужаас гаралтай, 31 настай Коул Аллен болохыг тогтоожээ. Энэ тухай CNN болон New York Post агентлагууд хууль сахиулах байгууллагын эх сурвалжаас иш татан мэдээллээ.

Аллен нь 2017 онд Калифорнийн Технологийн хүрээлэнг механик инженерийн бакалавр зэрэгтэй төгсжээ. Тэрээр оюутан байхдаа тэргэнцэрт зориулсан ослын тоормосны системийг зохион бүтээж, орон нутгийн мэдээгээр гарч байсан аж.

Түүний LinkedIn дэх мэдээллээс үзвэл, Аллен сургалт, давтлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “C2 Education” компанид ажиллаж байжээ. Тус байгууллага түүнийг 2024 оны 12 дугаар сард “Сарны шилдэг багш”-аар өргөмжилж байсан байна. Тэрээр багшлахаас гадна видео тоглоом хөгжүүлэх сонирхолтой байсан бөгөөд 2018 онд “Steam” платформ дээр өөрийн инди төслөө гаргаж байсан нь одоо ч 1.99 ам.доллароор зарагддаг аж.

Улс төрийн үзэл баримтлалын хувьд тэрээр Ардчилсан намыг дэмжигч байсан бололтой. Холбооны сонгуулийн комиссын мэдээгээр, Аллен 2024 оны 10 дугаар сард Камала Харрисын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд 25 ам.доллар хандивлан өгч байжээ.

Холбооны прокурор Жанин Пиррогийн мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээд ирэх даваа гарагт шүүх өмнө очих юм байна. Түүнийг хүчирхийлэл үйлдэхдээ галт зэвсэг ашигласан болон төрийн албан хаагчийн биед халдсан гэх зүйл ангиар буруутгах аж.

Аллен “Washington Hilton” зочид буудлын хүлээн авалтын танхимын үүдэнд гал нээсэн байна. Халдлагын үеэр Нууц албаны нэг ажилтан шархадсан ч сум сум нэвтэрдэггүй хантааз дээр нь туссан тул аминд нь аюулгүй байгаа аж. Халдлагын сэдэл одоогоор тодорхойгүй байгаа ч Дональд Трамп энэхүү явдлыг Ирантай холбоотой мөргөлдөөнтэй холбохгүй байгаагаа мэдэгджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй