Японы нэрт зохиолч Харуки Мураками энэ зун “Кахогийн түүх” (The Tale of Kaho) нэртэй шинэ романаа уншигчдын хүртээл болгохоор зэхэж байна.
Нийт 352 хуудастай энэхүү бүтээл нь хүүхдийн зохиолч, 26 настай Кахо бүсгүйн тухай өгүүлнэ. Уг роман нь өмнө нь “Shincho” (Шинчо — Японы утга зохиолын нэр хүндтэй сэтгүүл) сэтгүүлд дөрвөн цуврал болон нийтлэгдэж байсан түүхийн өргөтгөсөн хувилбар юм. Зохиолын үйл явдал сохор болзооны үеэр нэгэн эрэгтэй Кахог “царай муутай” гэж хэлж буй хэсгээс эхэлдэг байна.
“Кахогийн түүх” нь Муракамигийн 2024 онд гаргасан “Хот ба түүний тогтворгүй хэрэм” (The City and Its Uncertain Walls) романы үргэлжлэл болох ажээ.
Өдгөө 77 настай зохиолч өмнө нь эмэгтэй дүрүүдийг хэт нэг талыг барьсан эсвэл хэт бэлгийн харилцааны өнцгөөс дүрсэлдэг гэх шүүмжлэлтэй олонтаа тулгардаг байв. Тэрээр 2004 онд “The Paris Review” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: “Миний зохиолуудад эмэгтэйчүүд бол ирж буй ертөнцийн зуучлагч, зөнч нар байдаг. Тиймээс тэд үргэлж гол дүр рүү өөрсдөө ирдэг болохоос гол дүр тэднийг хайж очдоггүй” хэмээн тайлбарлаж байжээ.
Харин өнгөрсөн хоёрдугаар сард “The New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа Мураками эмэгтэй хүний өмнөөс бичих нь түүнд сонин боловч төрөлхийн мэт санагдсан тухайгаа дурдаад “Би өөрөө тэр (эмэгтэй) болж хувирсан” гэжээ. Мөн энэ удаагийн роман нь түүний өмнөх бүтээлүүдээс илүү өөдрөг өнгө аястай болсныг тэмдэглэсэн байна.
Зохиолч үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч гол дүрийн бүсгүй бол “маш энгийн нэгэн” бөгөөд түүний эргэн тойронд болон түүнд олон хачирхалтай зүйл тохиолдох болно гэдгийг онцолжээ.
Харуки Мураками бол орчин үеийн Японы хамгийн алдартай зохиолчдын нэг юм. Тэрээр 47 жилийн карьертаа 15 роман бичсэн бөгөөд тэдгээр нь дэлхийн 50 орчим хэлээр орчуулагджээ. Түүний хамгийн алдартай бүтээлүүдэд “Норвегийн ой”, “Далайн эрэг дээрх Кафка”, “1Q84” зэрэг багтдаг. Тэрээр олон улсын нэр хүндтэй шагналуудын эзэн төдийгүй жил бүр утга зохиолын Нобелийн шагналд нэр дэвшигчдийн тэргүүн эгнээнд нэрлэгддэг билээ.