Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 6, гал түймрийн 80 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Алба хаагчид нийт 10 иргэний аюулгүй байдлыг хангаж, 1,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.
Мөн нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд ой хээрийн түймэр болон шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл, хяналтыг өдөр бүр зохион байгуулж байна. Уг ажилд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 16 дуудлага бүртгэгджээ. Хуурайшилтын үед иргэдийн болгоомжгүй үйлдлээс үүдэн гал түймэр гарах эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж байна.
Иргэдэд өгөх сэрэмжлүүлэг:
- Ногоон бүс, зуслангийн чиглэлд ил гал гаргахгүй байх
- Үнс нурмаа тагтай саванд хийх
- Хашааны шар өвсийг шатаалгүй цэвэрлэх
- Орчны хог хаягдлын галын аюулгүй байдлыг хангах
Гэр хороолол болон байшин хорооллын оршин суугчид орчны аюулгүй байдлаа хангаж, галын эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.