Холливудын нэрт жүжигчин Мишель Трахтенберг энэ оны хоёрдугаар сарын 26-нд Нью-Йорк дахь орон сууцнаасаа нас барсан байдалтай олдсон билээ. Түүний үхлийн шалтгааныг Нью-Йоркийн Эрүүл мэндийн ерөнхий газар албан ёсоор чихрийн шижингийн хүндрэлтэй холбоотой болохыг тогтоосон байна.
Талийгаачийн гэр бүлийнхэн анхлан задлан шинжилгээ хийлгэхээс татгалзаж байсан ч хожим нь зөвшөөрч, шинжилгээний дүнгээр уг шалтгаан ил болсон юм.
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн асуудалтай тэмцэж байсан
Мишель өнгөрсөн жил элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж байжээ. Үхэхээсээ долоо хоногийн өмнө найзуудтайгаа Итали ресторанд хооллох үеэр шатаар ч сайн алхаж чадахгүй болсон байсныг эх сурвалжууд мэдээлж байна.
Түүний ойрын анд Аманда Де Каденет “Тэр өөрийнхөө эрүүл мэнд ямар аюултай шатандаа хүрснийг маш сайн ойлгож байсан” хэмээн дурсжээ. Гэсэн ч жүжигчин бүсгүй өөрийн эрүүл мэндийн байдлыг олон нийтэд дэлгэж байсангүй.
Тэрээр өнгөрсөн хугацаанд гадаад төрхөөсөө шалтгаалан цахим орчинд багагүй шүүмжлэлд өртөж байсан. Энэ тухайд тэрбээр:
«Та нар чинь он сараа мэдэхээ больчихсон юм уу? Одоо би 14 настай охин биш, 38 хүрчихсэн шүү дээ. Хүмүүс ийм сэтгэгдэл бичиж байгаа нь үнэхээр харамсалтай. Би хэзээ ч гоо сайхны мэс засал хийлгэж байгаагүй. Би өөрийнхөө эрүүл, аз жаргалтай байдалд л анхаардаг» хэмээн хариу мэдэгдэж байв.
Таван настайгаасаа жүжигчин болсон түүний уран бүтээлийн нэр хүндтэй түүх
Мишель Трахтенберг гурван настайдаа энтертайнмент ертөнцөд хөл тавьсан бөгөөд “Buffy the Vampire Slayer”, “Ice Princess“, “Harriet the Spy”, “Gossip Girl”, “17 Again” зэрэг олон кинонд дүр бүтээж, өсвөр үеийн кино урлагт онцгой байр суурь эзэлсэн нэгэн байсан юм.